САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ


“Гүний уурхайн блоклон нураах технологи, арга туршлага” симпозиумд оролцогчид, зохион байгуулагчид, урилгаар дэлхийн өнцөг булан бүрээс оролцон илтгэл танилцуулж, туршлага хуваалцаж буй хүндэт зочид та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан уул уурхайн салбарын институцийг бэхжүүлж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтуудыг хангах чиглэлээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам төрөл бүрийн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ онд бид Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар бэлтгэж байна. Салбарынхан, олон нийтийн хүрээнд “критикал минерал” гэж нэрлэгдэж буй чухал ач холбогдол бүхий ашигт малтмалыг хайх, олборлох, боловсруулах, тухайн ажлуудад хөрөнгө оруулалт татах цогц зохицуулалтыг эдгээр хуулиудад суулгахаар бэлтгэж байна.

Дэлхий даяар газрын гадаргад ойр ашигт малтмалын нөөц, орд газрууд илрэх нь ховордож, уул уурхайн салбарт далд уурхайн эзлэх хувь хэмжээ, гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгаа бөгөөд манай улсын хувьд ч далд уурхайгаар ашиглах орд газруудын хэмжээ ялангуяа критикал минералын ордууд дээр цаашид эрчимтэй нэмэгдэнэ. Бид хариуцлагатай, өндөр технологи бүхий мэргэжлийн уул уурхайн салбарыг бий болгохыг зорьж буй энэ цаг үед Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль, салбарын бизнесийн байгууллагуудын хамтарсан санаачилгаар олон улсын тэргүүлэх мэргэжилтнүүдийг оролцуулсан симпозиум зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүдэд туршлага судлах, мэдээлэл солилцох боломж бүрдүүлж байгаад талархаж байна.

Төмрийн хүдрийн далд уурхайд анхлан нэвтрүүлж, их гүнтэй зэсийн порфирийн ордуудад түгээмэл хэрэглэх болсон блоклон нураах арга технологи 100 гаруй жилийн түүхтэй хэдий ч Монгол Улсад Оюу толгой ордод анх удаа нэвтэрч байна. Хөрөнгө оруулалт, уурхай байгуулалтын ажил их ч, хүдэр олборлолтын зардал хямд энэ технологийн үр шимийг гаргахад геотехник, геологи, уурхайн төлөвлөлтийн өндөр түвшний мэдлэг шаардлагатай. Ковид-19-ийн хөл хорио, хязгаарлалтын улмаас олон улсын хэмжээнд мэргэжлийн хурлуудад оролцож туршлага солилцох боломж хомс байгаа мэргэжилтнүүд та бүхэнд энэхүү онлайн симпозиумд үр бүтээлтэй оролцож, салбарын хөгжилд түлхэц өгөх хэлэлцүүлгүүд өрнүүлэхийг ерөөн, амжилт хүсэж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 696
Өчигдөр 3858
Нийт 8059252