УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Г.ЁНДОН: НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ОРЛОГО ӨНГӨРСӨН ОНЫХООС ӨСӨХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА


- Энэ жил 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Төлөвлөсөн хэмжээндээ хүрэхээр байна уу?

- Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж төлөвлөсөн хэмжээндээ арай хүрэхээргүй дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ өнгөрсөн жилийн экспортын хэмжээнд хүрнэ гэж найдаж байна. Нүүрсний үнийн хувьд түрүү жилийнхээс арай илүү байгаа учраас экспортын орлого өнгөрсөн оныхоос илүү байх магадлалтай. Сангийн сайдын тайлан дээр эхний таван сарын байдлаар уул уурхайн бүтээгдэхүүнээс төвлөрөх ёстой орлого 98 хувийн биелэлттэй гэсэн тоо бийг та анзаарсан байх. Ковидын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үед түүхий эдийн үнэ өсч байгаа. Манай улсын хувьд экспортод гарах нүүрсний биет хэмжээ багассан ч үнэ сайн  учраас төсөвт төвлөрөх орлого харьцангуй гайгүй байна л даа.

- Нүүрсний экспортын өнөөгийн байдал ямаршуу байна вэ, өдөртөө гарч буй машины тоо хэд орчимд хэлбэлзэж байгаа бол?

- Өнгөрсөн оны эхний хагас жилд  цар тахлын шалтгаанаар нүүрсний экспорт маш их хэмжээний алдагдалтай байсан. Экспорт үндсэндээ 50 хувиар тасарсан. Харин сүүлийн хагаст нь идэвхжсэн. Энэ жилийн хувьд ч нүүрсний экспортын байдал  ялгаагүй дүр зурагтай байна. Өнөө жилийн эхний хоёр сард экспорт маш сайн байсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хоногтоо 300-500 машин нүүрс гарч байна.

- Гашуунсухайт боомтоор өдөрт хэчнээн машин нүүрс гарч байна вэ?

- Дунджаар 100-150 машин нүүрс гарч байгаа. 180 машин  гарсан өдөр ч бий.

- Нүүрсний экспортыг сайжруулахын тулд засгаас хийж буй бодитой ажил байна уу?

- Гашуунсухайт боомт дээр чингэлэг тээврийн терминал байгуулж байгаа. Чингэлэг тээврийн терминалын бүтээн байгуулалтыг эхлүүлчихсэн. Нүүрсээ 24 цагаар чингэлэг тээврээр хийх зорилготой энэ ажил дээр Засгийн газрын тогтоол гарсан. Хариуцаж байгаа газар нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам. “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” гэх мэт компаниудаас тодорхой хэмжээний санхүүжилтыг гаргаад “Энержи ресурс” компани хариуцаж  тодорхой ажил хийгдэж байна. Шивээ хүрэн боомт дээр ч чингэлэг тээврийн терминал байгуулна.

- Чингэлэг тээврийн терминал хэзээнээс ашиглалтад орох бол?

- Есдүгээр сараас ашиглалтад орчих байх. Чингэлэг тээврийн терминал ажиллаад эхэлбэл нүүрсний экспортын хэмжээнд мэдрэгдэхүйц ахиц гарна.

- Оюутолгойн хэлэлцээр нам жим байх шиг байна. Хэлэлцээрийн явц ямархуу байна вэ?

- Оюу толгойн хэлэлцээрийн тухайд “Рио тинто”-гийн төлөөлөл ирчихээд буцаад явсан. Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны тухайд бүх материалаа бэлтгээд ажлын хэсэгт танилцуулчихсан. Хэлэлцээр удахгүй үргэлжлэх байх. Монгол улсын Засгийн хэлэлцээрт бэлэн байгаа.

- Гүний уурхайн хувьд улаар огтлох ажил хүлээгдэж байгаа. Сэтгүүлчдийн хувьд Монголын Засгийн газраас  шалтгаалах, зайлшгүй амжуулах ёстой хэдэн ажил дуусчихвал улаар огтлолт хийгдэж, гүний уурхайн өгөөжийг хүртэх цаг ойртоно гэсэн ойлголт, мэдээлэлтай яваа. Засаг зүгээс энэ тал дээр хэр ахицтай ажиллаж байна вэ?

- Улаар огтлох ажил эхлэхийн өмнө Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө батлуулах шаардлага бий. Түүний дараа ТЭЗҮ-ээ батлуулах ажил байгаа. Одоогийн байдлаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нөөцийн тайланг авч хэлэлцээд буцаасан. Зардлын хэмжээ үндэслэлгүйгээр өссөнөөс үүдэж нөөцөд тавих шаардлага өссөн гэх шалтгаанаар буцаасан юм. Энэ асуудлыг цаг алдалгүй шийдэхийн төлөө ажиллана.

- Алт  бол валютын нөөц бүрдүүлэх эх үүсвэр болдог ач холбогдолтой бүтээгдэхүүн. Алтны бүртгэгдсэн нийт нөөцийн хэмжээ, алт олборлолтын өнөөгийн байдлын талаар сонирхуулаач?

- Алтны бүртгэгдсэн нийт нөөцийн хэмжээ Оюутолгойн алтны нөөцийг оруулахгүйгээр 489.5 тонн.  90 орчим хувь нь үндсэн ордод үлдсэн 10 хувь нь шороон ордод ноогддог. Үндсэн ордын алтны нөөцийн ихэнх нь зэс, хар тугалга, цайр зэрэг ашигт малтмалын ордод дагалдах байдлаар байдаг. Алт олборлолтын өнөөгийн байдлыг авч үзвэл алтны шороон ордын нөөц хомсдож уул техникийн нөхцөл хүндэрсэн. Товчхондоо хөрс хуулалт ихтэй шороон ордуудад олборлолт явуулж байна. Мөн цөөн тооны алтны үндсэн ордод олборлолт явуулж байгаа. Алтны олборлолт нь бусад ашигт малтмалын олборлолттой харьцуулахад зам, тээврийн гадаад дэд бүтэц шаардагддаггүйгээрээ онцлогтой. Үүнээс гадна борлуулалт хийхэд хүндрэл гардаггүй. Иймээс цар тахалтай, эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед алт олборлолтыг нэмэгдүүлвэл эдийн засгийг сэргээхэд тус нэмэр үзүүлэх боломж бий. Салбарын яамнаас алтны үндсэн ордуудад хөрөнгө оруулалт татах, эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой байлгах чиглэлийг баримтлан ажиллаж байна. Энэ хүрээнд алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг таван хувь байх зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хуульд тусгасан. Мөн алт олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудад хөнгөлөлттэй санхүүжилт олгох журамд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр урт хугацаат зээлийн санхүүжилтийн эргэн төлөлтийг 24 сар хүртэл байсныг 36 сар хүртэл болгож өөрчлөөд байгаа.

- Дэлхийн улс орнууд цар тахлаас болж хэцүүдсэн эдийн засгаа сэргээх талд онцгой анхаарч байна. Манай улсын хувьд эдийн засгаа сэргээх гол арга шийдэл нь уул уурхайн төслүүдээ дэмжиж хөгжүүлэх гэж эдийн засагчид онцолж байгаа. Жишээ нь алтны салбарт ямар төслүүдийг онцгойлж дэмжвэл өгөөжөө өгөхөөр байна вэ?

- Манай улсын хувьд ч дэлхийн улс орнуудын адил эдийн засгаа сэргээх чиглэлд  тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Онцолж хэлэхэд бид ковидын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээг бууруулахгүй байх амаргүй нөхцөл байдалтай тулгарсан. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг бууруулахгүйн тулд  тодорхой ажлууд хийж эхэлсэн. Жишээ нь Засгийн газрын хуралдаанаар томоохон уурхайнуудаа “Ногоон бүс” болгон олборлолт, баяжуулалт, экспортын хэмжээг бууруулахгүй байх шийдвэрийг гаргуулаад байна.  “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөө”-ний  хүрээнд “Тэргүүлэх чиглэлийн 100 төсөл, арга хэмжээг Засгийн газрын 100 хоногт багтаан зарлан хэрэгжүүлэх” чиглэл гэж гарсан даа. Энэ чиглэлд уул уурхайн салбарын томоохон төслүүдийг хамруулан зохих ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед томоохон хэмжээний төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр, улс, орон нутгийн төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн. Энэ хүрээнд онцлох хэдэн төсөл бий. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутагт орших “Хан-Алтай ресурс” ХХК-ийн Хан-Алтайн алтны үндсэн орд байна.Хан-Алтайн алтны үндсэн орд ашиглалтад орсноор 373 ажлын байр шинээр бий болж, жилд 1.3 сая куб метр хүдэр боловсруулж, улс, орон нутгийн төсөвт 549.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Онцолж хэлэх дараагийн төсөл гэвэл  Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт орших “Эрдэнэ Монгол” ХХК-ийн Баянхөндийн алтны үндсэн орд. Баянхөндийн алтны үндсэн орд ашиглалтад орсноор 360 ажлын байр шинээр бий болж, жилд 600 мян тонн хүдэр боловсруулж, улс, орон нутгийн төсөвт 218.1 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Мөн “Эрдэнэс силвэр ресурс” ХХК-ийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа.  Өнөө жилдээ баяжуулах үйлдвэрийн өргөтгөлийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

- Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад Засгийн газраас хэр анхаарч байгаа бол?

- Манай  яамны хувьд салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтыг тууштай нэмэгдүүлэх зорилтын хүрээнд одоо байгаа хөрөнгө оруулагчидтайгаа хуулийн хүрээнд нягт хамтран ажиллахын зэрэгцээ бодлогын хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Нэн тэргүүнд хөрөнгө оруулагчдыг Монголд үйл ажиллагаа явуулахад тогтвортой, ойлгомжтой эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Мөн геологи, хайгуулын салбарт хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлэхтэй холбогдуулан тусгай зөвшөөрөл олголттой холбоотой эрх зүйн зохицуулалтыг эргэн харах, тусгай зөвшөөрөл олголтыг хялбаршуулах боломжийг судалж эхэлсэн. Геологи, хайгуулын мэдээллийг хөрөнгө оруулагчдад түргэн, шуурхай хүргэх зорилтын хүрээнд үндэсний гео мэдээллийн сан хөтөлбөрийг хэрэгжүүлж яваа. Түүнчлэн олон улсын жишигт нийцсэн геологи, судалгааны ажлын тайлангийн каталог “МонгеоКат” системийг Австрали улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хөгжүүлэн ашиглаж байна.  Энэ систем ашиглалтад орсон цагаас өдий хүртэл нийт 678 орны 5045, дотоодын 15.8 мянган хэрэглэгчдийн 144.0 мянган хандалтыг авсан.  Өөрөөр хэлбэл чамлахааргүй өндөр үзүүлэлт гэж хэлж болно. Энэ мэт хийсэн болон, хийхээр төлөвлөж буй олон ажил бий.  Эдгээр ажлууд хийгдсэнээр геологи, хайгуулын салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх, хайгуулын шатанд хөрөнгө оруулагчдад учирдаг эрсдэлийг бууруулах талд ахиц гарна гэж тооцож байгаа.

- Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо жил ирэх тусам хумигдсаар байна. Яг одоогийн байдлаар хэр хэмжээгээр буураад байна, хайгуулыг  сэргээх ямар гарц, шийдлүүд байна?

- Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг өнгөрсөн хугацаанд олон удаа зогсоосон, өөр өөр аргаар сольж олгож байсан нь тусгай зөвшөөрлийн тоо буурах гол шалтгаан болсон л доо. 2006 онд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 5357 хүрч байсан бол 2016 онд 3583 хүртэл буурсан. Энэ нь нийт нутгийн 8.8 хувийг хамарч байсан юм.  2020 оны арваннэгдүгээр сарын 30-ний өдрийн байдлаар хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2651 хүрч өмнөхөөсөө огцом буурсан. Тодруулж хэлбэл нийт нутгийн дөрвөн хувийг хамарч байна. Уул уурхайн салбараас хамаарсан эдийн засагтай орны хувьд хайгуулын салбарын зогсонги байдал нь уул уурхайн олборлох, боловсруулах салбарыг ирээдүйд нөөцгүй болох эрсдэлд оруулахаар байгаа. Иймд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэгчид тавих тусгай шалгуур бүхий өргөдлөөр олгох аргыг сонгон шалгаруулалтын аргатай хослуулсан хуулийн зохицуулалт шаардлагатай байна. Үүнээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлт батлагдсанаар тус хуульд Ашигт малтмалын тухай хуулийг нийцүүлэх зайлшгүй шаардлага бий.  “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын 131-д “Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2021 онд боловсруулахаар заасан. Дээрх практик шаардлагаас гадна салбарын шинэчлэлийг зайлшгүй боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Ийм шалтгаанаар Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулах ажлын хэсгийг байгуулан хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулаад байна.

- Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа анхаарсан гол асуудлуудыг тоймлооч гэвэл та юуг онцлох вэ?

- Ашигт малтмалын шинэчилсэн найруулгыг боловсруулахдаа уурхайн амьдралын мөчлөгтэй холбоотой харилцааг иж бүрнээр нь зохицуулаагүй, зарим зохицуулалт нь орчин үеийн хөгжлийн чиг хандлагатай төдийлөн уялдахгүй байна гэж ажлын хэсгээс үзсэн. Иймд шинэчилсэн найруулгын төслөөр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, олборлолт, баяжуулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нөхөн сэргээлт, хаалттай холбоотой бүхий л харилцааг зохицуулахаар төлөвлөж байна. Дашрамд дурдахад Баялгийн сангийн тухай хууль, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна.

 

Ярилцсан: Ц.БААСАНСҮРЭН /Өдрийн сонин, Тоймч/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 4939
Нийт 7950984