БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРАМ


БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЖУРАМ


Нэг. Ерөнхий зүйл

 

1.1. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Энэхүү журам нь ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хий, түгээмэл тархацтайгаас бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайгаар олборлох үйл ажиллагаанд хамаарна.

1.3. Энэхүү журмын зорилго нь үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох,байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулахад оршино.

1.4. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Иргэний хуулийн 35.1-д заасан нөхөрлөл, 36.4-т заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан хуулийн этгээдийн хэлбэртэй байна.

1.5. Нэг нөхөрлөл, хоршооны гишүүдийн тоо нь 9-өөс  цөөнгүй байх бөгөөд өөр нөхөрлөл, хоршооны гишүүнээр бүртгэгдээгүй байна.

 

Хоёр. Ашигт малтмал олборлох өргөдөл гаргах,
түүнийг хянан шийдвэрлэх

 

2.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь бичил уурхайгаар ашиг малтмал олборлохыг хүссэн өргөдлийг тухайн сум, дүүргийн Засаг даргад энэхүү журмын 1 дүгээр хавсралтад заасны дагуу гаргана.

2.2. Өргөдөлд бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход ашиглах техник хэрэгслийн гэрэл зураг, техникийн үзүүлэлтийг хавсаргасан байна.

2.3. Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах шаардлагыг хангасан иргэнийг бичил уурхайд ажиллуулна:

                        2.3.1. 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн;

                        2.3.2. тухайн аймаг, нийслэлд оршин суугчаар бүртгүүлсэн;

                        2.3.3. нөхөрлөл, хоршооны гишүүн;

                   2.3.4 бичил уурхайн мэргэжлийн холбооны зохион байгуулсан бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох сургалтанд хамрагдан гэрчилгээ авсан.

2.4. Энэхүү журмын 2.3-т заасан шаардлагыг хангаагүй иргэнийг гишүүнээр авсан бичил уурхай эрхлэгч этгээдийн  гаргасан өргөдлийг хүлээн авахгүй.

2.5. Сум, дүүргийн Засаг дарга энэ журмын 5.1.2-т заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газрын шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тухайн талбайд гаргасан өргөдлийн дарааллын дагуу бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэхүү журмын 2 дугаар хавсралтад заасан загварын дагуу бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулна. Заасан хугацаанд бичил уурхай эрхлэгч этгээдтэй гэрээ байгуулаагүй бол гэрээ байгуулаагүй үндэслэлээ өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

2.6. Энэхүү журмын 9.1.1-д заасан дүгнэлтээр бичил уурхайн зориулалтаар ашиглах боломжгүй нь тогтоогдвол тухайн сум, дүүргийн Засаг дарга бичил уурхай эрхлэгч этгээдэд мэдэгдэж, өргөдлийг буцаана. 

2.7. Энэхүү журмын 2.3.4-т заасан сургалтынагуулга, хөтөлбөрийг төрийн захиргааны байгууллага, бичил уурхайн мэргэжлийн холбоо хамтран баталж хэрэгжүүлнэ.

 

Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг

 

3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах эрхтэй байна:

                        3.1.1. бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрын талаарх мэдээллийг сум, дүүргийн Засаг даргаас авах;

                        3.1.2. бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдөл гаргах;

                        3.1.3. бичил уурхайгаар ашигт малтмал олборлохыг хүссэн өргөдлийн бүртгэлийн дарааллаар сум, дүүргийн Засаг даргатай гэрээ байгуулах;

                        3.1.4. нөхөрлөл, хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч хуулийн этгээд нь ашигт малтмал олборлохдоо 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;

                        3.1.5. олборлосон ашигт малтмалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу борлуулах.

3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нь дараах үүрэгтэй байна:

                        3.2.1. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, ажилтнуудын бүртгэл, нөхөрлөл, хоршооүүсгэн байгуулсан гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ашигт малтмал олборлох талбайд байнга хадгалах;

                        3.2.2. нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг хавсралтаар баталсан бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын загварын дагуу батлуулж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээнд хавсаргасан байх;

                        3.2.3. гэрээгээр олгосон талбайг бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, худалдахгүй, түрээслэхгүй байх;

                        3.2.4. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх;

                        3.2.5. тухайн нутаг дэвсгэрийн Засаг даргаас тогтоож өгсөн талбайд амьдрах суурьшлын талбай, хог хаягдлын цэг байгуулах;

                        3.2.6. бичил уурхайн ажилтнуудыг нийгмийн даатгалд хамруулах;

                        3.2.7. тэсэлгээний ажлыг тэсэлгээний ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх;

                        3.2.8. олборлолтын талбайд 18 нас хүрээгүй иргэнийг оруулахгүй байх;

                        3.2.9. үйл ажиллагаанаас олсон орлогоос хуульд заасны дагуу татвар төлөх;

                        3.2.10. нөхөн сэргээлтийг бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу хийж, сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгч, эвдрэлд орсон талбайн хэмжээ, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;

                        3.2.11. бичил уурхай эрхлэгч этгээд нь тухайн жилийн үйл ажиллагааны тайланг сум, дүүргийн Засаг даргад дараа оны 1 дүгээр сарын 31-ний өдөрт багтаан хүргүүлэх.

                        3.2.12. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахын өмнө Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу боловсруулсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах барьцаа хөрөнгийг тухайн сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд байршуулах.

                       3.2.13. Бичил уурхай эрхлэгч нь энэхүү журмын хавсралт **-д заасан загварын дагуу олборлолтын бүртгэлийг тогтмол хөтлөх.

                   3.2.14 Бичил уурхайгаар ашигт малтмал олборлож байгаа талбайд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгүүлэхгүй байх.

3.2.15. Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч /бичил уурхай эрхлэгч/ этгээдэд тусгай зөвшөөрлийг олгох, бүртгэх, түтгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, хяналт хариуцлагатай холбогдсон харилцааг “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ын дагуу Санхүүгийн зохицуулах хороо зохицуулна.

3.2.16. Бичил уурхай эрхлэгч этгээд нь дээрх журмын дагуу Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд олборлосон үнэт металл, үнэт чулуугаа борлуулна.

3.2.17. Бичил уурхай эрхлэгч этгээд нь Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тохиолдолд Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авна.

 

 

Дөрөв. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбай

 

4.1. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох нэгж талбайн хэмжээ 5 га-аас ихгүй байна.

4.2. Тухайн нэг сум, дүүргийн нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайн хэмжээ 50 га-аас илүүгүй байна.

4.3. Энэхүү журмын 4.3-т заасан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа бичил уурхай эрхлэгч этгээд олборлосон ашигт малтмалыг борлуулахдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэр дээр бүртгүүлнэ. 

 

Тав. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг

 

5.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах эрх, үүрэгтэй байна:

 

5.1.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн сум, дүүргийн Засаг даргын бичил уурхайн талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны тайланг сонсож чиглэл, зөвлөмж өгөх;

5.1.2. Сум, дүүргийн Засаг даргын бичил уурхайн зориулалтаар газрыг тусгай хэрэгцээнд авах талаар гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэж, шийдвэрээ ажлын 10 өдөрт багтаан хүргүүлэх.

 

Зургаа. Сум, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг

 

6.1. Сум, дүүргийн Засаг дарга дараах эрх, үүрэгтэй байна:

                        6.1.1. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох иргэдийг бүртгэж үнэмлэх олгох, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах;

                        6.1.2. бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах;

                        6.1.3. энэхүү журмын 5.1.2-т заасан шийдвэрийг үндэслэн өргөдөл гаргасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг 1 жилийн хугацаанд бичил уурхайн мэргэжлийн холбоотой хамтран байгуулах;

6.1.4. гэрээнд заасан үүргээ биелүүлж ажилласан бичил уурхай эрхлэгчтэй тухайн талбайн ашигт малтмалыг ашиглаж дуусах хүртэлх хугацаанд гэрээг жил бүр сунгаж байгуулах;

                        6.1.4. бичил уурхай эрхлэгч этгээд нь гэрээгээр тогтоосон талбайн солбицлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа, эсэхэд хяналт тавих;

                        6.1.5. нөхөн сэргээлт хийгээгүй болон ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдтэй байгуулсан гэрээг цуцлах, түүнтэй дахин гэрээ байгуулахгүй байх;

                        6.1.6. бичил уурхайн ажилтнуудыг нийгмийн халамжийн үйлчилгээ болон нийгмийн даатгалд хамруулах ажлыг зохион байгуулах;

                        6.1.7. нөхөн сэргээлт хийлгэж, нөхөн сэргээлт хийсэн талбайг комисс томилон хүлээж авах, энэ талаарх тайланг аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

                        6.1.8. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийн хэрэгжилтэд хяналт тавих;

                        6.1.9. химийн хорт болон аюултай бодис, хориглосон химийн бодис хэрэглэж байгаа, эсэхэд хяналт тавих;

                        6.1.10. бичил уурхайн эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны тайланг энэхүү журмын 4 дүгээр хавсралтад заасан загварын дагуу гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад жил бүрийн 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;

                        6.1.11. бичил уурхайн ажилтнуудын амьдрах суурьшлын талбайг тогтоох;

                        6.1.12. Бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгсөн тохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцаан олгох;

                        6.1.13. Нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгө нь бичил уурхай эрхлэгч этгээдийн нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбайд нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд шаардагдах хөрөнгийг бичил уурхай эрхлэгч этгээдээс албадан гаргуулах;

                        6.1.14. энэхүү журмын 3.2.10, 3.2.11-д заасан тайлангуудыг заасан хугацаанд ирүүлээгүй бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг цуцлах.

6.2. Бичил уурхайд гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан комисс зохих журмын дагуу судлан бүртгэж, акт тогтоон тухайн аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар мэдэгдэнэ.

6.3. Төрийн захиргааны байгууллагаас дүгнэлт гаргаагүй талбайд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулахыг хориглоно.

6.4. Зөвхөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан этгээдэд энэ журмын 3.2.13-д заасан олборлолтын бүртгэлийг үндэслэн гарал үүслийг тодорхойлолт гаргаж өгнө.

 

Долоо. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүрэг

 

7.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах эрх, үүрэгтэй байна:

            7.1.1. аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой уялдуулан бичил уурхайн талаар авч хэрэгжүүлж байгаа Засаг даргын ажлын тайланг сонсож чиглэл, зөвлөмж өгөх.

 

Найм. Аймаг, нийслэлийн Засаг даргын эрх, үүрэг

 

8.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараах эрх, үүрэгтэй байна:

                        8.1.1. бичил уурхайн үйл ажиллагаатай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;

                        8.1.2. тухайн аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилттой уялдуулан бичил уурхайн үйл ажиллагаа явуулах талбайг сум, дүүргээр бүсчилсэн байдлаар хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

                        8.1.3. бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх талаар сум, дүүргийн Засаг даргын Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах хүсэлтийг геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

                        8.1.4. энэхүү журмын 8.1.2-т заасан төлөвлөгөөний дагуу бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газарт бичил уурхай эрхлэх үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалтад оруулах талаар сум, дүүргийн Засаг дарга нарыг нэгдсэн удирдлагаар хангах;

                        8.1.5. энэхүү журмын 5.1.2-т заасан шийдвэр, холбогдох мэдээллийг Ашигт малтмалын тухай хуулийн 14.1-д заасны дагуу төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;

                        8.1.6. бичил уурхайн зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан газрын зураг зүйн бүртгэл болон бичил уурхай эрхлэгч этгээдийн талаарх нэгдсэн судалгаа бүхий мэдээллийн сан бүрдүүлж төрийн захиргааны болон холбогдох бусад байгууллагад хүргүүлэх;

                        8.1.7. бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны тайланг энэхүү журмын 4 дүгээр хавсралтын дагуу сум, дүүргээс авч нэгтгэн төрийн захиргааны байгууллагад жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлэх;

                        8.1.8. бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаарх сум, дүүргийн Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн зөвлөмж, чиглэл өгөх;

                        8.1.9. бичил уурхай эрхлэгч этгээдийн үйл ажиллагааны талаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг холбогдох мэдээллээр хангах;

                        8.1.10. бичил уурхайн нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавих ажлыг зохион байгуулах;

                        8.1.11. бичил уурхайн осол, байгалийн болон давагдашгүй хүчин зүйлс, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай тохиолдолд авран туслах үйл ажиллагааг цаг алдалгүй үзүүлэх, нийтийн хэв журам сахиулах арга хэмжээ авах;

                        8.1.12. бичил уурхайн ажилтнуудыг хөнгөлөлттэй зээл, төсөл, хөтөлбөрт хамруулах, бичил уурхайгаас бусад төрлийн ажлын байр бий болгож ажлын байраар хангах ажлыг зохион байгуулах.

 

Ес. Төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

 

9.1. Төрийн захиргааны байгууллага дараах эрх, үүрэгтэй байна:

                        9.1.1. энэхүү журмын 8.1.3-т заасан хүсэлтийг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 11.1.23-д заасан дүгнэлтийг ажлын 10 хоногт багтаан гаргаж, уг дүгнэлтэд холбогдох мэдээллийг хавсарган аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд газар дээр нь ажиллах;

                        9.1.2. бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газрыг кадастрын зураг зүйн нэгдсэн бүртгэлд бүртгэх;

                        9.1.3. бичил уурхайн ажилтнуудын судалгаа гарган мэдээллийн сан бүрдүүлж, өөрчлөлт хөдөлгөөний тайланг жил бүрийн I улиралд багтаан геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

                        9.1.4. бичил уурхайн ажилтнууд, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын ажилтанд бичил уурхайтай холбогдсон хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал болон байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулах;

                        9.1.5. бичил уурхай эрхлэх боломжтой газрын судалгаа гаргаж, аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлэх;

9.1.6.Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23-т заасан үйл ажиллагааг явуулах талбайд энэхүү журмын 9.1.1-т заасан дүгнэлтийг холбогдох  байгууллагын саналыг авч гаргах.

 

Арав. Төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг

 

10.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах эрх, үүрэгтэй байна:

                        10.1.1. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой уялдуулан бичил уурхайн үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, нэгдсэн удирдлагаар хангах;

                        10.1.2. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавих.


Арван нэг. Бичил уурхайн мэргэжлийн холбооны эрх, үүрэг

 

            11.1.Бичил уурхайн мэргэжлийн холбоо дараах эрх, үүрэгтэй байна:

                        11.1.1. сум, дүүргийн Засаг даргатай хамтран энэхүү журмын 1.4-т заасан бичил уурхай эрхлэгч этгээдтэй гэрээ байгуулах;

                        11.1.2. энэхүү журмын 2.3.4-т заасан сургалтын хөтөлбөрийг сум, дүүргийн засаг дарга, төрийн захиргааны байгууллагатай хамтран батлах;

11.1.3. бичил уурхайчдад бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нөхөн сэргээлтийн болон бичил уурхайгаар олборлох бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлох сургалтыг зохион байгуулах;

11.1.4. бичил уурхайчдад гэрчилгээ олгох;

11.1.5. бичил уурхай эрхлэгчийн гэрээний биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллах;

11.1.6. гэрээ байгуулсан бичил уурхай эрхлэгч этгээд, бичил уурхай эрхлэгчийн нөхөн сэргээлт, олборлолтын бүртгэлийг хөтөлж, холбогдох төрийн байгууллагуудыг мэдээллээр хангаж ажиллах.

 

 

Арван хоёр. Талбайг буцааж хүлээлгэн өгөх

 

12.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах тохиолдолд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талбайг буцаан хүлээлгэж өгнө:

                        12.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлөөс шалтгаалан олборлолтыг үргэлжлүүлэх боломжгүй болсон тухай эрх бүхий улсын байцаагчийн дүгнэлт гарсан;

                        12.1.2. бичил уурхай эрхлэгч этгээд талбайг цаашид ашиглах боломжгүйн улмаас хүлээлгэн өгөх хүсэлт гаргасан, гэрээг цуцалсан;

                        12.1.3. гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, гэрээг талууд дүгнэсэн.

12.2. Гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нь бичил уурхай эрхлэгч этгээдийгн өөрийн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Арван гурав. Хяналт тавих, хариуцлага хүлээлгэх

 

13.1. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, төрийн захиргааны байгууллага, бичил уурхайн мэргэжлийн холбоо хяналт тавина.

13.2. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

 

 

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох
журмын 1 дүгээр хавсралт

(Энэхүү өргөдлийг гаргацтай, засваргүй бичиж бөглөнө үү)


. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймгийн . . . . . . . . . . . . . . . . . . сум, дүүргийн
Засаг дарга . . . . . . . . . . . . . . . . . .  /. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . /
Танаа

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох өргөдөл гаргах нь:

......... оны .... сарын ....  өдөр

“ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . .”  нөхөрлөл, хоршоог төлөөлж . . . . . . .  . . . . . . . . . албан тушаалтай

         (оноосон нэрийг бичих) . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . овогтой . . . . . . . . . . . . . . . . . . . . .  -с . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . аймаг (хот)-ийн  . . . . . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ын нутаг дэвсгэрт байршилтай  . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . . . . . . . . . . . . .нэртэй талбайд . . . . . . . . . . . . . . . . . . . . . . олборлох өргөдөл
                    (ашигт малтмалын төрөл) 
гаргаж байна.
                                                                                                  

Өргөдлийг хянан үзэж, бүртгэж, шийдвэрлэж өгнө үү.
             
Өргөдөлд дараах бичиг баримтыг хавсаргав.                     Энэ зайг өргөдөл хүлээн
                   авагч бөглөнө
    
1.  Үүсгэн байгуулсан гэрээ, дүрмийн хуулбар          1

2. Бичил уурхайчдын үнэмлэхийн хуулбар          1

3. Нөхөрлөл буюу хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар     1

4. Олборлолт явуулах талбайн байршлын зураг         1
                                                                                                          
5.   Бичил уурхайчдын албан татвар төлөгчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар    1

6.   Бичил уурхайчдын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар          1

7.   Тухайн талбайг сонгосон үндэслэл, тайлбар          1

8.  Бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдийн “Бичил уурхайн үндсэн сургалтанд хамрагдсан гэрчилгээ”  
     
                                           
       Өргөдөл гаргасан: . . . . . . . . . . . . . . . . . . . . . .  . . . /                                            /   
                                                 / гарын үсэг /                                   / овог, нэр /


Өргөдлийг хүлээн авсан тухай тодорхойлолт:

Өргөдлийг  20 . . . оны . . . . . сарын . . . . . өдрийн …… цаг …… минутад хүлээн авч  өргөдлийн бүртгэлийн ................................ дугаарт бүртгэв.

Өргөдлийг хүлээн авч, бүртгэсэн ажилтан . . . . . . . . . . . . . . . . . . /              /                                                         /гарын үсэг/                       / овог, нэр /

 

 

БИЧИЛ УУРХАЙГААР АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ
ТУХАЙ ГЭРЭЭНИЙ ЗАГВАР


“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 2.4, 3.1.3, 6.1.3-т заасны дагуу нэг талаас . . . . . . . . . . . аймаг (хот)-ийн . . . . . . . . . сум, (дүүрэг)-ын Засаг дарга . . . .. . . . . . . . . . . (цаашид “Засаг дарга” гэх), нөгөө талаас “ . .  . . . . . . . . . . .” нөхөрлөл, хоршоо(цаашид “Бичил уурхай эрхлэгч этгээд” гэх)-ийг төлөөлж . . .  . . . . . . .  . . . . . . . (албан тушаал) . . . . . .  . . ., гуравдагч талаас Бичил уурхайн мэргэжлийн холбоо . (цаашид “Холбоо” гэх)ны гүйцэтгэх захирал ..................... нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) дараах нөхцөлөөр харилцан тохиролцож     20 . . . оны  . . . дугаар саpын . . . .-ны өдөр энэхүү гэрээг (цаашид “Гэрээ” гэх) . . . . . . . . . . . сум (дүүрэг)-д байгуулав.

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Бичил уурхай эрхлэгч этгээд нь . . . . . . . . . . . . . сум (дүүрэг)-ийн . . . . . . . . . . . . . нэртэй газарт орших . . . . .  . . . . . . . . . . .  . . . гектар  талбайд журмын             6.1.3-т заасны дагуу . . . . жилийн хугацаагаар . . . . . . . . . . . . . . . . (ашигт малтмалын төрөл) олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхэлнэ.

1.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар сум (дүүрэг)-ын Засаг дарга, бичил уурхай эрхлэгч этгээдийн хооронд үүсэх харилцааг энэхүү гэрээгээр зохицуулна.

Хоёр. Сум (дүүрэг)-ын Засаг даргын эрх, үүрэг

2.1.  Сум (дүүрэг)-ын Засаг дарга нь “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 6 дугаар зүйлд зааснаас гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

     2.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд ногдох талбайн хэмжээг тогтоож, байршлын зургийг гэрээнд хавсаргах;

     2.1.2. хог хаягдлын цэгийн байршлыг тогтоох;

     2.1.3. бичил уурхай эрхлэгч этгээдийн олборлосон ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах талбайг тогтоох;

     2.1.4. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг тооцож, бичил уурхай эрхлэгч этгээдтэй тохиролцсоны үндсэн дээр зохих хөрөнгийг сумын нөхөн сэргээлтийн дундын дансанд төвлөрүүлэх;

     2.1.5. бичил уурхайн ажилтнуудад (цаашид “ажилтан” гэх) зориулсан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны сургалтыг Холбоотой хамтран зохион байгуулах;

     2.1.6. энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг бичил уурхай эрхлэгч этгээдээс шаардах;

     2.1.7. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн төлөвлөгөөний гүйцэтгэлд хяналт тавих;

     2.1.8. хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөлөл үзүүлж байгаа үйл ажиллагааг зогсоох.

  2.1.9. Бичил уурхай эрхлэгч этгээд олборлолт явуулсан талбайг нөхөн сэргээж орон нутагт хүлээлгэн өгсөнтохиолдолд нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг буцаан олгох;

     2.1.10 Бичил уурхай эрхлэгч этгээдийн бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу хийж, сум,  дүүргийн Засаг даргын томилсон комисст актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;

 
Гурав. Бичил уурхай эрхлэгч этгээдийн эрх, үүрэг

3.1. Бичил уурхай эрхлэгч этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

     3.1.1. бичил уурхай эрхлэгч этгээдэд олгосон талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаагаа явуулах;

     3.1.2. ажилтнуудыг тогтоосон талбайд суурьшуулах;

     3.1.3. суурьшлын талбайг тохижуулж, ахуйн болон үйлдвэрийн хог, хаягдлын цэгийг байгуулах;

     3.1.4. гэрээгээр олгосон талбайд нөхөрлөл, хоршоо бус этгээдийг ажиллуулахгүй байх;

     3.1.5. байгаль орчныг хамгаалж, гол, горхи, булаг шанд, уст цэгийг бохирдуулахгүй байх;

     3.1.6. бичил уурхайн аюулгүй байдлын дүрмийг дагаж мөрдөх, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;

     3.1.7. хууль тогтоомж, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны болон нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилтнуудад сургалт, сурталчилгаанд бичил уурхайчдыг идэвхтэй оролцуулах;

     3.1.8. ашигт малтмалыг ангилан ялгах, баяжуулах үйл ажиллагааг тогтоосон талбайд гүйцэтгэх;

     3.1.9. үйл ажиллагаандаа химийн хорт болон аюултай бодис хэрэглэхгүй байх, тусгай зөвшөөрөлтэй этгээдээр гүйцэтгүүлэхээс бусад тохиолдолд тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглахгүй байх;

     3.1.10. Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл, мөн хуулийн 36.4-т заасан хоршооны зохион байгуулалтад орсон бичил уурхай эрхлэгч этгээд нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд 3500 см3 хүртэлх багтаамжтай дотоод шаталтат хөдөлгүүр бүхий 2-оос илүүгүй механизмыг ашиглах;

     3.1.11. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу эрх бүхий этгээдийн тогтоосон байгаль орчны нөхөн сэргээлтийн зардалд шаардагдах ………… / ……………………………… / төгрөгийг нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлэх;

     3.1.12. нөхөн сэргээлтийн дундын санд төвлөрүүлсэн хөрөнгийг олборлолт явуулсан талбайн нөхөн сэргээлтэд зарцуулах;

     3.1.13. бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалын дагуу олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийж сум, дүүргийн Засаг даргын томилсон комисст хүлээлгэж өгөх, актаар хүлээлгэн өгсөн талбайн мэдээлэл, нөхөн сэргээлтийн тайлан мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллагад хүргүүлж бүртгүүлэх;

     3.1.14. олборлосон ашигт малтмалыг хууль тогтоомжийн дагуу худалдан авах эрх бүхий хуулийн этгээд,  Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээдэд олборлосон үнэт металл, үнэт чулууг  худалдах;

     3.1.15. ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээ байгуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу орлогын албан татвар төлөх;

3.2. Бичил уурхай эрхлэгч этгээд нөхөн сэргээлт хийж, талбайг хүлээлгэн өгсний дараа ашигт малтмал олборлох өргөдөл дахин гаргах.

Дөрөв. Мэргэжлийн холбооны үүрэг

4.1. Төрийн захиргааны байгууллагатай хамтран баталсан хөтөлбөрийн дагуу Бичил уурхайн үндсэн сургалтын хөтөлбөрийн дагуу бичил уурхайн эрх зүйн зохицуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, ашигт малтмалын гарал үүсэл, магадлан шинжилгээ, нөхөн  сэргээлтийн сургалтыг нөхөрлөлийн гишүүдэд зохих журмын дагуу зохион байгуулах, гэрчилгээ олгох.

4.2. бичил уурхайчдад гэрчилгээ олгох.

4.3. Энэхүү гэрээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж гэрээний хэрэгжилтийн үнэлгээг жил бүр хийх, хэрэгжилтийн үнэлгээний мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлэх.


Тав. Маргаан шийдвэрлэх

5.1. Талууд гэрээтэй холбоотой үүссэн аливаа маргаантай асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэнэ.

5.2. Талууд тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу маргааныг шийдвэрлэнэ.

Зургаа. Гэрээний хүчин төгөлдөр болох

6.1. Энэхүү гэрээ нь 20. . . оны . . . сарын . . . өдрөөс  . . . 20 . .  оны . . . сарын . . . өдөр хүртэл хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.

6.2. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийж орон нутагт хүлээлгэж өгснөөр энэхүү гэрээний үүрэг дуусгавар болно.

6.3. Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгална.

Долоо. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

7.1. Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

7.2. Энэхүү гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь түүний нэгэн адил хүчинтэй байх бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно.

Гэрээ байгуулсан:

. . . . . . . . . . аймаг (хот)-ийн. . . . . . . сум 
(дүүрэг)-ын Засаг дарга

/..................../              /..................../

/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг,
тамга, тэмдэг/ “. . . . . . . . . . . . . . . . . . . . . .  ” (нөхөрлөл, хоршоо)  төлөөлж

/..................../              /..................../

/эцэг/эх/-ийн нэр, нэр, гарын үсэг,
тамга, тэмдэг/

 

 

 

АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БҮХИЙ ТАЛБАЙГААС БИЧИЛ УУРХАЙГААР АШИГ


Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай!


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО

" frameborder="0" allowfullscreen>

ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 4558
Өчигдөр 6312
Нийт 7611794