Б.Анхбаяр: Эх орондоо үйлдвэрлэсэн шатахууныг 2023 оноос хэрэглэгчдэд нийлүүлнэ


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэр, газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Анхбаяртай газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн талаар ярилцлаа.

-Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотод хоёрдугаар сард болсон, газрын тос, байгалийн хийн “Петротек 2019” олон улсын хуралд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар оролцсон. 

Энэ үеэр Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр шалгарсан, тус улсын “Engineers India limited” (EIL) компани, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Салбарын сайдын айлчлалын багт та багтсан юм билээ. Тус компанитай гэрээ байгуулсан уу?

-27 улсын сайд, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын төлөөлөл оролцсон “Петротек 2019” хурлын үеэр газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн менежментийн зөвлөхөөр шалгарсан тус компанийнхантай тодорхой асуудлуудын талаар ярилцсан. БНЭУ-ын Засгийн газраас санал болгосон, 100 хувь төрийн өмчит EIL компанитай гэрээ байгуулахаар ажиллаж байна. Монголд аль болох ашигтай нөхцөлүүд тусгахаар хэлэлцэж эхэлсэн.

Тодруулбал, тус компанийн зөвлөх үйлчилгээний ажлын цар хүрээнд тусгасан ажлуудыг нэмэх, бас хасах, үйлчилгээнийх нь зардлыг бууруулах талаар хэлцэл хийж байна. Гэрээг эхний байдлаар ирүүлсэн. Бидний зүгээс төсөлд Монголын талын оролцоог аль болох их байлгаж, өөрсдийн хийж чадах ажлуудыг хариуцан, цемент гэдэг ч юм уу, шаардлагатай бараа материал нийлүүлэх саналаа тавьсан. Тухайлбал, 33 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг өөрсдөө барих сонирхлоо илэрхийлсэн.

-Төслийн ТЭЗҮ-ийг EIL боловсруулсан. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компаниар мөн шалгарчээ.

-Тус улсын “Эксим” банк төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхлоо илэрхийлсэн компаниудын мэдээллийг бидэнд ирүүлэх зарчимтай байсан л даа. Тус банкны сонгон шалгаруулалтад Монгол Улс дахь нөхцөлийг тооцож үзээд, саналаа илэрхийлсэн ганц компани нь EIL. Өөр компани зөвлөх үйлчилгээ үзүүлэх сонирхлоо илэрхийлээгүй гэсэн үг.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж тооцож байсан ч тодорхой хүчин зүйлээс шалтгаалж нэмэгдэж магадгүй гэж байсан. Тэгвэл хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2 тэрбум ам.доллар болж нэмэгджээ. Үүнд юу нөлөөлөв?

-ТЭЗҮ-д тусгаснаар үйлдвэрт hydrocracking (гидрокрекинг) технологи хамгийн тохиромжтой гэж тооцоолсон. ТЭЗҮ-д газрын тос боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Итали улсын “KT-Kinetics technology” компани хөндлөнгийн хяналт тавьсан.

Уг технологи нь бага зэрэг үнэтэй ч уян хатан гэхэд болно. Тодруулбал, аль бүтээгдэхүүнийг, ямар хэмжээтэй үйлдвэрлэхээ тохируулах боломжтой. Уул уурхайн салбар хөгжиж буй өнөө үед дизель түлшийг арай илүү, магадгүй цахилгаан автомашины хэрэглээ нэмэгдсэн үед авто бензинийг бага үйлдвэрлэх үү гэдгээ тохируулах тул эдийн засгийн ач холбогдолтой. Товчхондоо, хэрэглэгчдийн эрэлтэд нийцүүлж технологийн горимоо өөрчлөх боломж олгох юм.

-Хаанахын технологи вэ?

-Энэ технологийн патентыг Европын орнууд, АНУ-ын маш олон компани эзэмшдэг. Энэтхэгчүүд эзэмшдэггүй учраас дээрх орнуудын компаниудаас сонгож, хамтран ажиллана. Хөрөнгө оруулалтын тухайд нэг тэрбум ам.доллар дээр 236 сая нэмэгдэхээр байгааг ТЭЗҮ-д тусгасан.

-Энэтхэгийн Засгийн газраас шаардлагатай нэмэлт санхүүжилтийг өгөх боломжтой юу?

-Энэтхэгийн талаас “Манай улсаас авах санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтэй бол албан ёсоор саналаа илэрхийлээч ээ” гэсэн. Нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээр бий. Үүн дээр нэмж авъя гэсэн санал тавихад “Зээлийн хэмжээг дахин өргөжүүлэх боломжгүй.

Хэрэв шаардлагатай гэж буй бол дахиж зээлийн шугам нээх ёстой” гэсэн. Өөрөөр хэлбэл, нэмж гэрээ байгуулах шаардлагатай. Энэ талаар УИХ-аар хэлэлцэж, соёрхон батлах ёстой учраас цаг авч мэднэ. Мэдээж төслийг төлөвлөсөн хуваарийн дагуу хэрэгжүүлнэ, түүнээс биш 236 сая ам.долларын асуудал яг одоо тулчихсан юм биш. 

УУХҮ-ийн сайд БНЭУ-д айлчлах үеэр Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга “Нэмэлт 236 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг танай талаас шийдвэрлэх боломжтой юу” гэж эхний байдлаар хүсэлтээ илэрхийлсэн. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус улсад өмнө нь айлчлахдаа энэ асуудлыг хөндсөн л дөө. Бид Сангийн яам, Гадаад харилцааны яамтай хамтарч ажиллан Монгол Улсын Засгийн газрын зүгээс санал тавих бичиг баримтыг боловсруулж байгаа.

-Санхүүжилтийг ямар зарчмаар олгож байгаа вэ?

-Санхүүжилт шууд Монголд орж ирэхгүй. EIL ТЭЗҮ боловсруулсныг дээр дурдсан. ТЭЗҮ-ийг бид хүлээж аваад Сангийн яаманд мэдэгдэл хүргүүлэх зарчимтай. Тодруулбал, “ТЭЗҮ боловсруулсан компанид төлбөрийг нь шилжүүлэх асуудлыг Энэтхэгийн “Эксим” банканд тавьж өгөөч ээ” гэж мэдэгдэл хүргүүлсэн. Улмаар “Эксим” банкнаас EIL-д мөнгийг нь шууд шилжүүлж байгаа гэсэн үг. 

Цаашид ч ийм зарчмаар явна. Мэдээж Монголын талаас төсөлд өөрийн оролцоог хангана. Тэгэхээр дотоодын компаниудад Энэтхэгийн Засгийн газраас Монголын аль нэг банкаар дамжуулж төлбөрийг нь олгоно. Тиймээс Энэтхэгээс авах санхүүжилт Сангийн яамны дансанд ч юм уу, аль нэг газарт төвлөрөөд, тэндээс захиран зарцуулахгүй.

-1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ямар хугацаанд нөхөх боломжтой вэ?

-Үүнд олон хүчин зүйл нөлөөлнө. ТЭЗҮ гэхээс илүүтэйгээр Монгол Улсын Засгийн газрын шийдвэр нөлөөлөх юм л даа. Түүхий тос олборлож буй компаниудтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж, Монгол Улс хувь эзэмшдэг. Жишээлбэл, “Петро Чайна дачин Тамсаг” компани тосоо олон улсын зах зээлийн үнээр буюу Сингапурын биржийн ханшаар худалдаж байгаа. Тухайн орлогоос Монгол Улсын Засгийн газарт өгдөг.

Уг орлогыг төсөвт авалгүйгээр буюу боловсруулах үйлдвэрт тосыг үнэгүй өгвөл хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа богиносно. Үүнийг энгийнээр тайлбарлавал, дээрх компанийн нэг жилд олборлосон тосыг 100 хувь гэж бодъё. Үүнээс компани бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгасны дагуу өртөг нөхөх тос болон Монгол Улсад төлөх роялтиг хасаж, үлдсэн тосыг 100 хувь буюу ашигт газрын тос гэж тооцдог. 

Энэхүү ашигт газрын тосноос олсон ашгийн 60 хувийг олборлогч компани, 40 хувийг Засгийн газар авдаг. Тэгэхээр түүхий тосноос олж буй мөнгөө төсөвт “нийлүүлэх” бус, үйлдвэрт үнэгүй өгч, боловсруулсныхаа дараа бүтээгдэхүүнээр ашгаа олно гэвэл үйлдвэрт оруулсан хөрөнгийг богино хугацаанд нөхөх боломжтой. Зээлийг 25 жилийн хугацаатай авч байгаа. Ийм хугацаанд багтаж төлнө гэж ТЭЗҮ-д тусгасан ч үүнээс богино хугацаанд барагдуулах боломжтой.

-Үйлдвэрээс нийлүүлэх нэг литр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд ямар үнээр хүргэх бол?

-ТЭЗҮ-ээр бүтээгдэхүүний нэгж өртөг (үйлдвэрээс гарах) 850-900 төгрөг байх тооцоо бий. Үүн дээр тээврийн зардал, татвар, жижиглэнгээр борлуулах компаниудын маржин нэмэгдэнэ. Тухайн үеийн Засгийн газар, Сангийн яам бодлого боловсруулж, иргэдэд бүтээгдэхүүнийг борлуулахдаа ямар ямар татвар нэмж, хэр үнэтэй байхыг шийдэх болов уу. 

Мэдээж энэ талаарх тооцоо судалгааг хийж, ТЭЗҮ-д тусгасан. Үйлдвэр ашиглалтад орох үед тооцоолох боломжгүй ямар хүчин зүйл нөлөөлж болох вэ гэдгийг одоогийн нөхцөлд гаргахад хүндрэлтэй.

-Дэд бүтэцтэй ойр газар зүйн байршлыг нь харгалзан Алтанширээ сумд үйлдвэр барихаар шийдсэн. Түүхий эдийг Дорнод аймгаас авч, боловсруулаад Улаанбаатар болон бусад газарт хүргэнэ. Үйлдвэрийг хэдэн жил хангах түүхий тосны нөөцтэй вэ?

-Монгол Улсын хэмжээнд баталгаат нөөц 332 сая тонн байгаа. Үүнээс 42 орчим сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц. Ер нь үйлдвэрийг хамгийн багадаа 30 гаруй жил хангах нөөцтэй гэж тооцсон. Олборлолт, нөөцийн асуудлыг бид анхаарч байгаа. 

Газрын тосны 19, 21 дүгээр талбайд үйл ажиллагаа явуулж буй “Петро Чайна дачин Тамсаг” компанийн удирдлагатай саяхан уулзаж, олборлолтыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа. Хоёр боломж байна гэж харсан. Нэгдүгээрт, шинэ техник, технологи нэвтрүүлж олборлолтын хэмжээг нэмэгдүүлж болно. Эсвэл дахиж хайгуул хийж, олборлолтоо нэмэгдүүлж болно гэж ярилцлаа.

Ер нь газрын тос илэрч буй өөр талбайнууд бий. Хайгуулыг өргөжүүлэхээр Ашигт малтмал, газрын тосны газарт чиглэл өгсөн. Цаашид үйлдвэрийг түүхий эдээр тогтвортой хангахын тулд эхний ээлжинд олборлолтыг нэмэгдүүлэх нь ихээхэн ач холбогдолтой учраас тэр.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ямар шатанд байгаа вэ?

-Дэд бүтцийн ажлыг өнгөрсөн арванхоёрдугаар сард түр зогсоосон. Энэ сард эхлүүлнэ. 27 км төмөр зам (салаа замыг оруулаад) барих ажлыг гуравдугаар сард дуусгана. Авто замыг энэ онд багтааж тавихаар төлөвлөсөн. Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил дуусаад, Улсын комисс хүлээн авч байгаа. 

Үйлдвэр барих талбайг тэгшлэх, хашаажуулах ажлыг хийж эхэлнэ. Үүнээс гадна Сайншандад хотхон байгуулахаар зураг төсөл боловсруулж байна. Бүтээн байгуулалтын хамгийн оргил үед 8000 орчим хүн ажиллана гэсэн тооцоо бий. Туслан гүйцэтгэгч нар кэмпээ барих байх. Гадаадаас ирэх экспертүүд болон ажилчдад зориулж хотхон байгуулах бөгөөд үйлдвэрийг барьж дууссаны дараа тэнд тогтмол ажиллах хүмүүст худалдана.

-Үйлдвэрийг хэзээ ашиглалтад оруулах вэ. Тэнд хэдэн ажлын байр бий болох вэ. Дотоодын ажиллах хүч хэр хангалттай бол?

-2023 оны нэгдүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Улмаар 600 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо гарсан. EIL компанитай байгуулсан санамж бичигт үйлдвэр барьсны дараа нэг жил орчим хугацаанд техникийн ажилтнууд нь ирж, үйлдвэрийн үйл ажиллагааг жигдэртэл авч явна гэж тусгасан. Монгол ажилчдыг сургахтай холбоотой асуудлыг ч багтаасан. Үйлдвэрт шаардлагатай инженер, техникийн ажилтнуудыг БНЭУ-д сургана.

Ц.Болормаа /Өнөөдөр сонин/

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр
Өчигдөр 3243
Нийт 2974248