“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа


“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг батлав

Түүнчлэн “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

 

Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг төсөлд нэг бүрчлэн тусгаж, тогтоолын төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томьёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийжээ.

Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтын үндэслэн Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгон зохион байгуулах асуудлыг судлах, Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны 30 хувийг биржээр арилжаалахын өмнө Улсын Их Хуралд танилцуулах гэсэн саналуудыг тогтоолын төсөлд нэмж тусгах талаар Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн дагуу Байнгын хороо хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн танилцуулсан юм.

Эцсийн хэлэлцүүлгэтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.     

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулан үйл ажиллагаа өргөжсөнөөр өмнийн говьд томоохон хэмжээний ямар бүтээн байгуулалтууд хийгдэх вэ. Хэчнээн жижиг, дунд үйлдвэрүүд байгуулагдаж, хэдий тооны ажлын байр бий болох вэ хэмээн лавласан.

Ажлын хэсгээс хариулснаар, Өмнийн говьд авто зам, төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр, гадаргын усны бүтээн байгуулалтын ажил гэсэн томоохон төслүүд хэрэгжих юм байна. Макро эдийн засгийн тооцоогоор барилга, зам тээврийн салбарт шууд өсөлт гарч, дагалдах жижиг, дунд үйлдвэрүүд олноор байгуулагдан, хэрэгжих төсөл тус бүр дээр багадаа 200-300, томоохон төслүүдийн хүрээнд 1000 орчим ажлын байр бий болох юм байна. Төсөл хэрэгжих эхний жилд 5000-8000 шууд ажлын байр бий болно хэмээн үзэж байгаа бөгөөд энэ тоонд бусад туслан гүйцэтгэгчдийн бий болгох шууд бус айлын байрны тоо багтаагүй аж. Түүнчлэн өмнийн говьд хүн амын суурьшилт ихээр явагдаж, хот байгуулалтын ажил явагдана хэмээн хариуллаа.

Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа Эдийн засгийн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 189
Өчигдөр 5335
Нийт 1915007