УИХ, Засгийн газрын гишүүд Гурван тэс сумын уурхайнуудад ажиллалаа


Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нүүрсний ай савд үйл ажиллагаа явуулдаг компаниудад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа нар болон яам, агентлагийн орлогч дарга нар ажиллалаа. УИХ, Засгийн газрын гишүүд уул уурхайн компаниуд болон Шивээ хүрэн боомтын үйл ажиллагааг газар дээр нь очиж үзсэнийхээ дараа сумын иргэдтэй уулзалт хийсэн юм.

  Гурван тэс суманд өдгөө  "Саус гоби сэндс", “Монголын алт МАК”, “Чинхуа МАК”, "Өсөх зоос", “Жавхлант орд” зэрэг компаниуд нүүрс олборлон ажиллаж байна. Өнгөрсөн жил тус компаниуд нийтдээ 13 орчим сая тонн нүүрс экспортложээ. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Шивээ хүрэнгийн боомтоор нийтдээ 4.7 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 3.2 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Боомтоор гарч буй нийт бүтээгдэхүүний 99 орчим хувийг нүүрс дангаараа эзэлдэг бөгөөд  2018 оны эхний дөрвөн сарын байдлаар татвараар 4.1 тэрбум төгрөг, хураамжаар 7 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь төлөвлөгөөг даруй 171 хувиар давуулан биелүүлсэн тухайгаа тус боомтын Хилийн 0166-р ангийн захирагч, хурандаа П.Наранбат онцоллоо.

 Нүүрс олборлож буй дээрх дөрвөн компани хамтран экспортын бүрдүүлэлтийг шуурхай болгох зорилгоор Шивээ хүрэнгийн боомтын гаалийн хяналтын бүсийг хамтран шинээр засч тохижуулан, нүүрс тээврийн дөрвөн гарцыг шинээр байгуулж, хүнд даацын автомашин явах хатуу хучилттай авто замыг байгуулжээ. Мөн компаниуд эрчим хүчний под цахилгаан станц байгуулж, гурван сумыг эрчим хүчээр хангасны зэрэгцээ цэцэрлэг, сургууль, эмнэлэг, соёлын төв, худаг зэрэг бүтээн байгуулалтыг Гурван тэс суманд хийжээ.

"Саус гоби сэндс" компанийн хувьд нүүрсээ нойтон технологиор баяжуулан, нэмүү өртөг шингээн экспортлодог бөгөөд эргэлтэд буй усны 90.2 хувийг буцаан ашиглаж байгаа нь цэвэр усны нөөц хомсдолтой газарт тохиромжтой болохыг салбарын сайдад танилцуулав. Тус үйлдвэр нь хамгийн доод чанарын нүүрсийг угааж, А ангиллын нүүрсэн бүтээгдэхүүн болгон гаргадаг Монголд нэвтрүүлсэн анхны нүүрс угаах дэвшилтэт үйлдвэр аж. Баяжуулахдаа байгаль орчинд хортой  химийн бодис ашигладаггүй, хаягдал гарахгүй, ус бага ашигладаг зэрэг давуу талтай аж. Үйлдвэрийн усны хэрэгцээг ил уурхайн шүүрлийн ус, хур тунадасны улмаас бий болсон гадаргын хуримтлал /үерийн ус/ бүхий уурхайн ухлагт цугларсан усыг ашигладаг байна. 

МАК компани мөн нүүрс нойтон технологиор баяжуулах үйлдвэрийг энэ оны эхний хагас жилд барьж ашиглалтад оруулахаар бүтээн байгууллатын ажил 86 орчим хувьтай явж байгааг ажлын хэсгийнхэнд танилцууллаа. Үйлдвэрийн тухайд эргэлтийн усыг ихээр буцаан ашиглах үүднээс хамгийн сүүлийн үеийн нүүрсийг усгүйжүүлэх технологитой юм байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор 22-25 хувийн үнслэгтэй нүүрсийг баяжуулж, 8 хувийн үнслэгтэй буюу өндөр чанартай болгох аж. Нүүрсний шинж чанар ийн өсөх нь компани төдийгүй улсын болон аймаг орон нутгийн төсөвт ихээхэн ач холбогдолтой аж.

 “Усны эх үүсвэрийн хувьд 2011, 2012 оны үед хойноос  маш их хэмжээний үер орж ирсэн. Манайх карьертаа одоо сая шоо метр үерийн ус хуримтлуулсан байгаа. Үүнээсээ хоолойгоор татаж, үйлдвэрийн эргэлтэнд оруулна” хэмээн МАК-ийнхан ярьж байв. 

Сайд Д.Сумъяабазар “Устай холбоотой асуудлыг манайхан нэлээд хөндөж ярьдаг. Баяжуулах үйлдвэрүүд усны хэрэглээг зохистой хэмжээнд нь барьж ашиглан, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлож, улсад орох валютын урсгалыг бий болгохын зэрэгцээ орон нутагт орох орлого ч нэмэгдэх болно. Тиймээс нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг технологийн түвшинд нь зөв ойлгох хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр “Бид хөгжих хэрэгтэй. Гэхдээ байгаль орчны асуудлаа ч мөн орхигдуулж болохгүй. Тиймээс аль болон ус бага ашиглаж, байгаль орчинд хаягдалгүй, хор нөлөө багатай технологийг нэвтрүүлэх нь чухал. Бид өнөөдөр газар дээр нь ирж нөхцөл байдалтай нь танилцах үүднээс БОАЖ-ийн сайдтай, замын асуудлыг шийдвэрлэх үүднээс ЗТХ-ийн сайдтай ирлээ” хэмээсэн юм.

Компаниудын зүгээс Шивээ хүрэнгийн боомтоор нэвтрүүлэх автомашины хүчин чадал жилд 10-12 сая тонн тул цаашид экспортыг нэмэгдүүлэх бол төмөр замын асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг хэллээ. Хэрвээ төмөр зам баригдвал эхний ээлжинд жилд 18 сая тонн, цаашид автотээвэртэй төмөр зам хослон жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой гэв. Ингэснээр төсвийн орлого нэмэгдэж, гадаад худалдааны тэнцэлд бодитой нөлөө үзүүлэх юм. Импортлогчдын зүгээс нүүрсний чанарт тавигдах шаардлага өндөр болсон бөгөөд төмөр замтай болвол хаягдал бохирдолгүй хэрэглэгчид нийлүүлэхийн зэрэгцээ байгаль орчин, хөдөлмөрийн айюулгүй байдалд эерэг нөлөө аж. МАК-ийн хувьд төмөр замын трассын дагуу топо зураглал, инженер- геологи, гидрогеологийн судалгааг хийжээ. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3200
Өчигдөр 2079
Нийт 1994786