Сайд Д.Сумъяабазар “Цайртминерал” компанийг хайгуулаа үргэлжлүүлэхэд орон нутгийн удирдлагууд дэмжиж ажиллах чиглэл өгөв


Монгол Улсад төмрийн хүдэр, цайр олборлон, баяжуулж, экспортлож байгаа бас нэгэн томоохон компани Зүүн бүсэд байрладаг. Сайд Д.Сумъяабазарын зүүн аймгуудын уул уурхай, газрын тосны компаниудаар хийсэн ажлын айлчлал “Цайртминерал” ХХК дээр ажилласнаар өндөрлөсөн юм.

Төмөртийн- Овооны цайрын ордыг ашиглахаар Монгол Улсын “Металимпекс” ХХК болон БНХАУ-ын NFC буюу өнгөт төмөрлөгийн гадаад барилга зураг төслийн компаниуд хамтран 1998 онд “Цайртминерал” ХХК-ийг үүсгэн байгуулсан. ТЭЗҮ бэлтгэх, үйлдвэрийг бүтээн байгуулах зэрэг олон жил үргэлжилсэн бүтээн байгууллатын ажлын дүнд, хоёр талын тэнцүү хөрөнгө оруулалттайгаар тус компани  13 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй. Үйлдвэрт жилд дунджаар 400 мянган тонн цайрын баяжмал боловсруулж, 50 хувийн агуулга бүхий 100 орчим мянган тонн баяжмал үйлдвэрлэн, экспортод гаргаж байна.

Салбарын сайд ил уурхайн үйл ажиллагаа, цайрын сульфидын хүдрийг хөвүүлэн баяжуулах технологи зэрэг газруудаар орж танилцсан юм. Тус компани ажилчдаа өөрийн хөрөнгөөр шат дараалсан сургалт зохион байгуулсны үр дүнд бүх ажилчид нь мэргэжил эзэмшсэн талаар компанийн Ерөнхий захирал С.Батхүү хэлж байсан юм. “Цайрминерал” ХХК-д нийт 371 ажилтан ажиллаж байгаагаас 327 нь монгол ажилчин төдийгүй 93 хувь нь Сүхбаатар аймгийн иргэд аж. Мөн туслан гүйцэтгэх байгууллагууд нь 350 орчим хүнийг ажлын байраар хангажээ.

Компанийн хувьд өнөөдөр хэд хэдэн асуудал тулгамдаж байгаа талаар салбарын сайдад хэлсэн юм. Тухайлбал, компани дахиад 10 жил үйл ажиллагаа явуулах нөөцтэй байгаа бөгөөд, цаашид лицензтэй талбай дээрээ нарийвчилсан нөөцөө ихэсгэж, хайгуул хийх гэтэл орон нутгийн лам нарын эсэргүүцэлтэй тулгараад байгаа аж. Ерөнхий захирал С.Батхүү “Манай хайгуулын талбайн хэсэгхэн булан нь тахилгатай хайрхан байсан. Бид монгол хүмүүс, иргэдийн сүсэг бишрэлийг хүндэтгэх учиртай тул талбайгаасаа тахилгатай уулыг хасч өгсөн. Харин үлдсэн талбай дээрээ хайгуул хийе гэхээр орон нутгийн хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцэж байна” гэлээ. Харин сайд Д.Сумъяабазар “Цайртминерал” болон орон нутгийн Засаг даргад хайгуулаа үргэлжлүүлж, орон нутгийн удирдлагуудад үүнд анхаарлаа хандуулах чиглэл өгөв. Тэрбээр “Зүүн бүсийн жишиг үйлдвэр гэдгээ баталж, үлгэр жишээ ажиллаж, улс болон орон нутагтаа хөрөнгө оруулалт хийж байгаа нэгнээ дэмжих хэрэгтэй” гэлээ.

Мөн компани эрчим хүчний дутагдлаас үүдэж, олон удаа зогсолт хийсэн нь компанийн орлого, цаашлаад улсын төсөвт оруулах мөнгө тэдий чинээгээр буурч байгааг хэлсэн юм.

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Цайртминерал” ХХК Сүхбаатар аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж, жил бүр 1.5 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлдэг байна. Энэ мөнгийг аймгийн нэгдсэн эмнэлгийн сэхээн амьдруулах тасгийг тохижуулах, элэгний В вирус тодорхойлох лаборатори байгуулсан, аймгийн дэд бүтцийг сайжруулах, соёл спортыг хөгжүүлэх гээд олон ажилд зарцуулжээ. Мөн ажилчиддаа зориулж 72 айлын орон сууц барид байгаа бөгөөд цаашид 100 хувь орон сууцаар хангахаар ажиллаж байгаагаа компанийн удирдлагууд дуулгав.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 2807
Өчигдөр 3187
Нийт 1419374