Ш.Лхагва: Ирэх намартаа багтаж 1072 хувьцааг хоёр дахь зах зээлд гарах байр суурьтай байна



Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төвийн Гүйцэтгэх захирал Ш.Лхагватай Засгийн газрын тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт тарааж, зэмшүүлсэн 1072 ширхэг хувьцааны асуудлаар цөөн хором ярилцлаа.  


-Засгийн газрын шийдвэрээр "Эрдэнэс Тавантолгой" компаниас иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа тараасан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Одоогийн байдлаар хэчнээн иргэн, аж ахуйн нэгж 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байна вэ?
-Манай байгууллага 2011 оноос хойш "Эрдэнэс Тавантолгой"-гоос иргэдэд хувьцаа олгох Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж байна. Нийт 15 тэрбум ширхэг хувьцаа гаргасан. Үүнээс төрийн мэдэлд 85.2 хувь буюу 12 сая 711 мянга 99 ширхэг хувьцаа, 486 аж ахуйн нэгжид долоон сая 65 мянга 38 ширхэг хувьцаа буюу 0.05 хувь, Монгол Улсын хоёр сая 512 мянга 332 иргэн буюу хоёр тэрбум 212 сая 223 мянга 862 ширхэг хувьцаа бүртгэлтэй байна.  


-Өнгөрсөн 2016 онд санагдана. Төр, засгийн зүгээс "Сайн хувьцаа" хөтөлбөрийн хүрээнд хувьцаагаа буцааж авах ажлыг зохион байгуулсан. Үүнд танай байгууллага оролцсон байх шүү?
-Тийм. Бид тухай бүрт нь бүртгэлээ хийсэн. Жишээлбэл, "Сайн хувьцаа" хөтөлбөрийн хүрээнд нийт нэг сая 294 мянга 902 хүн хувьцаагаа өгч, мөнгөө авахаар мэдүүлсэн байдаг. Тэдгээр иргэний 360 сая 438 мянга 96 ширхэг хувьцааг хасч байршуулсан. Дээр нь өнгөрсөн онд 500 гаруй аж ахуйн нэгж хувьцаа эзэмшдэг байсан. Тэд мөнгөө буцааж авах өргөдөл өгсөн байдаг.


-Хувьцаагаа худалдаж байна гэсэн үг үү?
-Өөрсдийн эзэмшиж байсан хувьцаагаа төрд буцааж өгч худалдсан гэж хэлж болно. Гэхдээ 40 гаруй аж ахуйн нэгж л хувьцаагаа буцааж өгсөн байдаг.


-Яагаад тэр вэ, уг нь 500 гаруй аж ахуйн нэгж хувьцаагаа буцааж, төрд худалдах хүсэлт гаргасан юм биш үү?
-Миний харж байгаагаар бол 500 гаруй аж ахуйн нэгж хүсэлт өгсөн ч хувьцаагаа зарах хүсэл байхгүй юм шиг санагдсан.


-Шалтгаан нь юу байх уу?
-Учир нь, "Эрдэнэс Тавантолгой" компани үйл ажиллагаагаа явуулаад олон жил болсон. Тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн. Ялангуяа сүүлийн хоёр жил ашигтай ажиллаж байна. Дээр нь саяхан Ажлын хэсэг хуралдаж гадаадад IPO гаргаснаар төмөр зам болон авто замын асуудал, дулааны цахилгааныг шийдэхээр ярилцаж байна. Энэ нь ойрын хугацаанд шийдэгдэх байх. Хэрэв бид Конконгийн аль нэг бирж дээр хувьцаагаа зараад, IPO гаргавал ханшны өсөлт нь сайжирна. Үүнийгээ дагаад дотоодын иргэдийн ханш ч өснө, нөлөөлнө. Тэгэхээр дунджаар 70 цент, нэг ам.долларын үнээр зарж чадах юм бол 930 төгрөг байгаа нэг ширхэг хувьцааны үнэ хоёр дахин нэмэгдэх боломжтой. Миний хувь хүний бодлоор бол давхар үүнийгээ явуулаад IPO гадаадад гаргачих юм бол дотоодын иргэдийн эзэмшиж байгаа эзэмшил, хувь нь хүртэл нэмэгдэх юм. Өөрөөр хэлбэл, үнэ цэнэ нь нэмэгдэнэ. Тиймээс бид гадаадын зах зээлд гаргах ажлаа яаравчилах шаардлагатай.


-Яг энэ чиглэлээр Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа гэж сонссон. Ямар шатандаа явна вэ, тодорхой мэдээлэл өгнө үү?
-Уул уурхайн сайд Д.Сумъяабазар чиглэл өгсний дагуу Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийг сайд өөрөө толгойлж байгаа. Саяхан хуралдсан. Хуралдаанаар яг энэ асуудалд санал нэгдэж, ажлаа урагшлуулахаар ажиллаж байна. Болж өгвөл ирэх ондоо багтаагаад гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна даа. Уг нь гадаадад гаргах хувиа нэмэгдүүлэх нь чухал байгаа юм. Ойролцоогоор 30 хувийг нь гаргачихвал багагүй хөрөнгө орж ирнэ гэсэн үг. Тэр хөрөнгө оруулалтаар компани асуудлаа шийдчихвэл үйл ажиллагаа, олон улсын нэр хүнд нь сайжирна. Тэрнийгээ дагаад компанийн үнэлгээ ихэснэ. Үнэлгээ ихэснэ гэдэг нь бидний эзэмшиж байгаа 1072 ширхэг хувьцааны үнэ нэмэгдэх юм.


-Манайд туршлага бий юу?
-Байхгүй. Анх удаагаа л хэрэгжүүлэх гэж байна.   


-Иргэдийн ихэнх нь хувьцааны талаар мэдээлэлгүй байдаг. Ялангуяа "Эрдэнэс Тавантолгой"-гоос эзэмших 1072 ширхэг хувьцаагаа яах, хэрхэн ашиглах талаар мэдээлэл хомс байдаг нь анзаарагддаг л даа?
-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа нь хүн бүрийн регистрийн дугаараар нь бүртгэлтэй байдаг. Гэхдээ заавал манай Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээлгэж байж идэвхжинэ. Тэгж байж дараагийн үйл ажиллагаанд оролцох ёстой. Ер нь, ирэх намартаа багтаж хоёр дахь зах зээлд гарах байр суурьтай байна. Саяхан "Эрдэнэс Тавантолгой"-н ТУЗ хуралдсан. Албан ёсоор хувьцаат компани гэдгээ зарлах байх. Гэхдээ иргэд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй.


-Юуг тэр вэ?
-Үнэт цаасны халгаламжийн данстай байх. Одоогоор 2.5 сая иргэний 600 мянга нь л үнэт цаасны хадгаламжтай байна. Өөрөөр хэлбэл, ийм тооны хүн л данс нээлгэсэн байдаг. Үлдсэн 1.9 сая иргэн нээлгээгүй. Хэрэв үнэт цаасны хоёр дахь зах зээлд арилжаа гарах юм бол эдгээр иргэн шууд арилжаанд оролцох боломжгүй. Тиймээс үнэт цаасны аж ахуйн нэгж дээр очиж дансаа нээлгэх шаардлагатай. Манайд энэ төрлөөр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй аж ахуйн нэгж бий. Гэвч ихэвчлэн хотод төвлөрсөн байдаг. Гэхдээ Хөвсгөл, Завханд цөөн тооны бий. Тухайн иргэн өөрөө сонголтоо хийх эрхтэй юм.


-Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн тоо яагаад буурчихав. Уг нь, манай улсад 100 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг байсан биз дээ?
-Ихэнх нь хаалгаа барьсан. Харилцагчийг хохироосон зэрэг олон шалтгаанаас үүдэж хаалгаа барьсан байдаг.


-Иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааны тодорхой хувийг бэлэн мөнгө, сургалтын төлбөр зэргээр олгосон байдаг. Тэд яах вэ?
-Засгийн газрын тогтоол 2011 онд гарснаас хойш хэд, хэдэн удаа хувьцааны хасалт явагдсан байдаг. Жишээлбэл, ахмадад нэг сая төгрөг, оюутны сургалтын 500 мянган төгрөг гэх мэт. Дээр нь "Сайн хувьцаа"-нд хамрагдсан бол тодорхой хувь нь хасагдчихсан.


-Тэгвэл тухайн иргэн хэдэн ширхэг хувьцаатай байна гэдгээ яаж мэдэх боломжтой вэ?
-Иргэн өөрийн хувьцаагаа байгаа эсэх, хэдэн ширхэг хувьцаатай вэ гэдгээ манай албан ёсны сайт руу орж харж болно. Түүнчлэн бид үлдэгдэл хэд байна вэ гэдэг мэдээллийг өгөх зорилгоор мессеж үйлчилгээг явуулж байна. Өөрөөр хэлбэл, ямар ч үүрэн телефон харгалзахгүйгээр 158989 гэсэн дугаарт өөрийн регистрийн дугаарыг илгээхэд л хангалттай. Гэхдээ регистрийнхээ үсгийг латинаар бичнэ.


-Иргэд хоорондоо хувьцаагаа худалдах, зарах зэрэг үйлдэл гарч байсан. Тоо баримт байна уу?
-Одоогоор өвлүүлэх, борлуулах, шилжүүлэх, зарах эрх нь хаалттай байгаа. Намар гэхэд нээлттэй болж, хоёр дахь зах зээл дээр гарах байх.


-Тэгвэл иргэн бүрт "Эрдэнэс Тавантолгой" компаниас 1072 ширхэг хувьцааг тарааж, эзэмшүүлээд багагүй хугацаа өнгөрлөө шүү дээ. Энэ хугацаанд хувьцааныхаа үр шимийг авч чадаагүй нас барсан хүмүүс бий. Тэдний хувьцааг яах вэ?
-Үнэт цаасны зах зээл дээр үнэт цаасыг бэлэглэх, борлуулах, өвлүүлэх эрх нь нээгддэг. Албан ёсоор хөрөнгийн зах зээл дээр нээлттэй болоод ирэхээр 1072 ширхэг хувьцааг өвлөх, өвлүүлэх эрх нь үүснэ. Заавал нас барсан гэхгүй тухайн хүн амьд сэрүүн байхдаа ч өвлүүлж болно. Бидэнд байгаа судалгаагаар 2011 оноос хойш 70 гаруй мянган иргэн нас барсан байна. Тэдгээр иргэний эзэмшиж байсан хувьцааг үр хүүхдүүдэд нь өвлүүлэх, өвөлж авах боломжтой. Тэрхүү эрх нь удахгүй нээгдэнэ.


-Ямар бичиг, баримтыг бүрдүүлсэн байх шаардлагатай вэ?
-Тухайн хүнийг нас барсан гэх бичиг шаардлагатай. Түүнийгээ нотариатаар батлуулж, өргөдлөө өгөх хэрэгтэй. Улмаар хувьцаа нь автоматаар тэр хүндээ шилжинэ.


-Тухайн нас барсан иргэн олон хүүхэдтэй бол яах вэ. Хувьцааг нь хэрхэн өвлүүлэх үү?
-Гэрээсэлэл үлдээгээгүй бол бүх хүүхдэд нь тэгш хуваана. Өөрөөр хэлбэл, 1072 ширхэг хувьцааг хэдэн хүүхэдтэй байна яг тэрхүү тоонд нь хувааж өвлүүлнэ.

 

Б.Төрбат /NEWSPRESS.MN/
 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 234
Өчигдөр 5335
Нийт 1915052