Ерөнхий сайд тэргүүтэй Засгийн газрын гишүүд Гашуунсухайт боомтод ажиллалаа


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрын гишүүд Гашуунсухайтын хилийн боомтод ажиллалаа. Тус боомтын хил, гааль, мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн, харьяатын асуудал хариуцан ажиллаж байгаа албан хаагчид болон нүүрс тээвэрлэдэг жолооч нартай уулзав.

Энэ үеэр Ерөнхий сайд “Боомтуудын хүчин чадлыг нэмж, өргөтгөнө. Хүндрэлтэй байгаа асуудлыг яаралтай шийднэ” гэлээ.

Мөн Засгийн газар боомтуудын дэд бүтэц зэргийг цогцоор нь сайжруулж тэнд ажиллагсдын амьдрал, нийгмийн асуудлыг давхар шийдэхийг зорьж байгааг Сангийн сайд хэлэв.  Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Замын-Үүд, Гашуунсухайтын боомтыг тус улсын 148 сая юанийн буцалтгүй тусламжаар сайжруулах, өргөтгөхтэй холбоотой баримт бичигт гарын үсэг зуржээ.

Харин Төрийн албан хаагчид, тэр дундаа хилийн боомтод ажиллаж байгаа хүмүүс сахилга бат, дэг журмыг чанд сахиж, иргэддээ ямар нэгэн хүнд суртал гаргалгүй, түргэн шуурхай үйлчлэх ёстойг Ерөнхий сайд сануулав.  Нүүрс, зэсийн баяжмал, алт зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, үүнийг тойрсон гомдол, санал, хүсэлт иргэдээс цөөнгүй ирдэг байна. Иймээс тагнуул, цагдаа, хил хамгаалах байгууллагын хамтарсан Ажлын хэсэг гаргаж, боомт бүрт ажиллуулж, дүгнэлтээ танилцуулахыг чиглэл болголоо.

 

Нүүрсний тээвэр хийж байгаа жолооч нарын эрүүл мэнд, амь нас, хөдөлмөр хамгаалал, нийгмийн даатгал зэрэгт онцгой анхаарах, хилээр нэвтрэх хугацааг аль болох багасгахын тулд Хятадын холбогдох байгууллагатай байнгын холбоотой ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх даалгалаа.

Нэг хэсэг нүүрс ачсан тээврийн хэрэгслийн цуваа 170 км-т хүрч дараалал үүсч байсан.  Засгийн газар энэ асуудлыг шийдэхээр 320 дугаар тогтоол гарган богино зайн тээвэрт шилжүүлж, урт дарааллыг багасгасанд орон нутгийн иргэд, удирдлага, тээвэрлэгч аж ахуйн нэгж сэтгэл хангалуун байгаа тухай албаны хүн хэллээ.

Одоогоор өдөрт нүүрс ачсан 500 орчим тээврийн хэрэгсэл хилээр нэвтэрч байгаа бөгөөд Хятадын тал таталтаа нэмбэл өмнөхийн адил 1500-д хүрэх боломж байна. Гэхдээ тусгай зөвшөөрлийг хэт олноор нь олгосон нь хүндрэл учруулж байгаа тухай ч хөндөгдлөө. Цаашид   жолооч нар амрах газартай, хөдөлмөрийн гэрээтэй, засвар, үйлчилгээ хийх цэгтэй байх зэрэг стандартыг хангасан аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрөл өгч байх нь зүйтэй гэсэн санал гарлаа. Ахуй амьдралынхаа төлөө зүтгэж, олон хоногоор машиндаа хонож өнжин яваа жолооч нарын төлөө гэсэн аливаа санал, санаачилга бүрийг Засгийн газар дэмжинэ гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Нүүрс тээвэрлэдэг жолооч нарын зүгээс боомтын нэвтрэх гарцыг нэмэгдүүлэх, хэдийгээр богино зайн тээвэрт шилжсэн ч Хятадын талын нэвтрүүлэх гарц цөөн байгаагаас дараалал төдийлөн буурахгүй, олон өдөр машиндаа өдөр хоног өнгөрөөж байгаад анхаарах зэргийг жолооч нар Ерөнхий сайдаас хүсч байлаа.

Гашуунсухайт боомтыг хөгжүүлж, энэ орчмын нутаг дэвсгэрт олон улсын эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, Цагаан хаданд жолооч нарт зориулсан иж бүрэн үйлчилгээ бүхий авто зогсоол бий болгох, шөнийн тээврийг бүрмөсөн хориглох, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоос тухайн орон нутагт тодорхой хэмжээний хөрөнгө хуваарилж хөгжлийг нь дэмжихэд зарцуулдаг байх зэрэг санал гарч байв.

Гашуунсухайтын боомтоор өдөрт хилийн худалдааны 150, зэсийн баяжмалын 200, нүүрс тээврийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг гэсэн статистик судалгаа гарсан байна. Энэ оны нэгдүгээр улиралд 138 мянган зорчигч, 18 мянган тээврийн хэрэгслийг нэвтрүүлжээ. 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримтыг цаасгүй технологид шилжүүлснээр багагүй цаг хугацаа хэмнэдэг болжээ.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 231
Өчигдөр 5335
Нийт 1915049