Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо


Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2018.04.09/ УУХҮЯ-ны Хурлын танхимд боллоо. Тус хэлэлцүүлэгт УУХҮЯ, АМГТГ-ын газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм.

       Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчныг баталгаажуулах” төслийн дэмжлэгтэйгээр эрдэс баялгийн салбарт мөрдөгдөж байгаа хуулиудын хийдэл, зөрчил, давхардлыг тогтоосон судалгааны тайлан,эдгээр хуульд оруулж болох нэмэлт, өөрчлөлтийн төслийн саналыг өнгөрсөн оны 12 дугаар сард /2017.12.04/ боловсруулсан.

            Ажлын хэсгийн хүрээнд: Ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Газрын хэвлийн тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай, “Урт нэртэй” хууль /Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт  ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай/ болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай,  Цөмийн энергийн тухай, Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай зэрэг 10 гаруй хуульд дүн шинжилгээ хийж, нийт 267 давхардал, 150 хийдэл, 150 зөрчилбайгааг тогтоосон.Тухайлбал, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулийн 212 заалт Ашигт малтмалын тухай хуультай давхардсан байна.

         Хууль тогтоомжийн тухай хууль /24.2.Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно. Энэ тохиолдолд өөрчлөлт оруулж байгаа хууль тус бүрд үзэл баримтлалыг тодорхойлох шаардлагагүй/, /12.2.24.энэ хуулийн 24.2-т заасны дагуу хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор хэд хэдэн хуульд нэгэн зэрэг өөрчлөлт оруулахаар боловсруулсан хууль тогтоомжийн төслийг боловсруулахад Засгийн газрын баталсан аргачлал хамаарахгүй/-д заасны дагуу Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц хуулийн төсөл, хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулаад байна.

          Багц хуулийн төслийг боловсруулнаар эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн давхардал, зөрчил, хийдэл арилж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд, орон нутгийн иргэд төдийгүй төрийн байгууллагын түвшинд үүсдэг зарим хүндрэлтэй асуудлууд шийдэгдэж, ил тод, хариуцлагатай уул уурхайн тогтолцоогбэхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэж үзсэн.

            Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам салбарын хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах судалгаанд үндэслэн олон нийтийн саналыг тусгах замааар Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг холбогдох яам, газар /ХЗДХЯ, агентлаг, мэргэжлийн холбоо г.м/-тай хамтран эцэслэн боловсруулж Улсын Их Хурлын энэ оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1584
Өчигдөр 3639
Нийт 1326644