Д.ЗАГДЖАВ: ШАТАХУУНЫ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БИЙ


-Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч ажиллаж байгаа хөтөлбөрийн хүрээнд шатахууны онцгой албан татварыг нэмэхээр болсон. Шатахууны онцгой албан татвар нэмэх асуудлыг хоёр ч удаа хойшлуулсан. Шинэ оны дараа татвар нэмэгдэнэ гэх яриа ч олны дунд гарсан байна. Онцгой албан татвар нэмэгдэх үү?

-Монгол Улс эдийн засагт нааштай үр дүн харагдаж эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын хэлснээр Монгол Улсыг өвчтэй хүнтэй зүйрлэвэл сэхээнд байгаа, сэхээнээс нь гаргахын тулд эрчимтэй ажиллах шаардлагатай. Энэ үүднээс Засгийн газар ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж буй.  Энэ хөтөлбөрийн хүрээнд 2017 оны долдугаар сарын 1, аравдугаар сарын 1-ээс тус бүр хуучин бууруулсан шатахууны онцгой албан татварыг сэргээх шийдвэр гарсан. Тухайлбал, 2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар нэг тонн автобензин 400 орчим мянга, дизель түлш 520 мянган төгрөгийн татвартай байсныг 2016 Засгийн газар байгуулагдсаны дараа онцгой албан татварыг бууруулсан. Автобензин 260 мянга, дизель түлш 280 мянган төгрөг хүртэл бууруулсан. 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд мөн автобензины татварыг 160, дизель түлш 180 мянган төгрөг болгож бууруулсан. 2017 оны нэгдүгээр сард автобензиныг 50 мянга, дизель түлшийг 70 мянган төгрөг болгож бууруулсан байсан. ОУВС-ийн хөтөлбөрийн хүрээнд энэ үе шаттайгаар буруулсан хэмжээг үе шаттай сэргээнэ гэж заасан. Онцгой албан татвар нэмэх гэж байгаа асуудал огт байхгүй. Өмнө нь бууруулснаа үе шаттайгаар сэргээнэ гэдэг асуудал л яригдаж буй ОУВС-ийн зүгээс 2017 оны долдугаар сарын 1, аравдугаар сарын 1-ээс тус тус шатахууны онцгой албан татварыг бууруулсан хэмжээгээр нь сэргээх санал гаргасан.   

-Оны өмнө үнийн зөвлөл хуралдах байсан ч ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хойшилсон. Үнийн зөвлөл татварын асуудлыг ярилцсан юм уу?

-Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах асуудлыг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагаас бүрдсэн хамтарсан зөвлөл гэж бий. Энэ зөвлөлөөр татвар сэргээх асуудлыг хэд хэлэлцсэн. Тухайлбал, 2017 оны долдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхлэх байсан татварын анхны шатлалыг нэмэх хугацааг хойшлуулах саналыг зөвлөл гаргасан. Мөн аравдугаар сарын 1-ээс татвар нэмэх асуудлыг хойшлуулах саналыг тус тус Засгийн газарт хүргүүлж, дэмжсэн байсан. Үнийн зөвлөл хоёр ч удаа хуралдаж, дэлхийн зах зээлд хүрч, үнийн бодлогод нөлөөлөх арга хэмжээ авах боломжтой гэж үзэж, компаниудад болон холбогдох газруудад нь зөвлөмж хүргүүлсэн. Ер нь бол дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүн хямд байсан үед үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зохицуулах буюу хямд үнээр валют худалдах, тодорхой зээл олгох зохицуулалт үе үеийн Засгийн газар хийж ирсэн. Бидний хувьд дэлхийн зах зээл дээрх үнэд хүрч ажиллах санал гаргасан. Тухайлбал, олон улсын зах зээлд газрын тос дервотивын зах зээлд оролцдог эрхтэй компаниудтай хамтын хэлэлцээр байгуулж, Монголын зах зээлд дэлхийн зах зээлийн үнээр нийлүүлэх боломжтой байсан. Манай ихэнх нефть импортлогч компаниуд ОХУ-ын Роснефть компанитай, БНХАУ-ын зарим компанитай хамтарч ажилладаг. Голлох нефть импортлогчдын үнэд нөлөөлөхгүй байх боломжийг судалж, тодорхой шийдвэр гаргасан. Жишээлбэл, Автобензин нэг литр нь 400 ам.доллар байж байгаад, гэнэт 500 ам.доллар болсон тохиолдолд бид олон улсын буюу дервотивын компанид 500 ам.доллараар худалдаална. Харин Монголын аж ахуй нэгжүүд 400 ам.доллараар худалдаж авах боломжийг бий болгохыг зорьсон. Бидний хувьд олон улсын глобал компаниудтай ярьж, хэлэлцсэний дүнд тодорхой компаниудтай хамтарч ажиллах зөвлөмжийг үнийн зөвлөлд танилцуулсан.  Энэ саналуудыг талууд хүлээж аваад өнгөрсөн долдугаар сарын 1, аравннэгдүгээр сарын 1-ээс шатахууны онцгой албан татвар бууруулсныг сэргээсэн.

-Яам болон холбогдох албаныхан шатахууны нөөц буураагүй, үнэ өсөөгүй гэдэг тайлбар өгч байгаа ч бодит амьдрал дээр А-92 шатахууны хязгаарлалттай зарах, нөөц бага байгаа, зарим газар огт зарахгүй байгаад байна л даа?

-Монгол Улсад шатахуун импортлогч 80 гаруй аж ахуй нэгж байдаг. Улсын хэмжээнд 38 хоногийн нөөцтэй байгаа. Тэгэхээр шатахууны үнэ өсөөгүй, буураагүй. Роснефть компанийн харьяа газрын тосны үйлдвэр өнгөрсөн зун засварын ажил хийсэн. Гэхдээ одоогоор үйлдвэр хэвийн шатандаа орж, тогтворжсон. Нийлүүлэлт хэвийн байгаа. Тиймээс нөөц буурах, гадаад нөхцөл байхгүй. Компаниудын дотоод зохион байгуулалт, менежменттэй холбоотойгоор хомсдол үүсч байгаа байх.

-Төр нэмэхгүй, нөөц байгаа гээд байдаг нөгөө талдаа аж ахуй нэгжүүд нь нөөц байхгүй учраас хязгаарлаж байна, үнэ нэмэх байх гэдэг зүйл яриад байна. Тэгэхээр хэн нь үнэн яриад байна вэ?

-Нефтийн бүтээгдэхүүний импортлогч компаниуд дотроос зарим нь хамтарсан зөвлөлт бусдыгаа төлөөлж оролцдог. Бид бол хамтаараа шийдвэр гаргадаг. Ер нь бол нефтийн бүтээгдэхүүний салбарыг яаравчлан хувьчилсан гэж би хардаг. Гэхдээ төр өөрөө аж ахуй нэгжүүд, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллаж, ярилцаад явж байгаа гэж бодож байгаа. Үнийн зөвлөл сая оны өмнө хуралдах байсан ч ирц хүрээгүй учраас хуралдаж чадсангүй. Удахгүй хуралдаж, асуудлаа ярих байх.

-Үнийн зөвлөлд хэн нь давуу эрхтэй юм бэ. Үнийн зөвлөлөөр шийдвэр нь гарсан байхад зарим нэг нь “том” толгойлоод хязгаарлалт хийгээд, үнэ нэмээд байна вэ?

-Уламжлал ёсоор төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, шатахууны импортлогч, худалддаг компаниудын төлөөлөл оролцож иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлдөг хүмүүс хамтарч ярилцаж, зөвлөмж гаргаж түүнийгээ Засгийн газар болон холбогдох байгууллагад хүргүүлдэг. Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар болон холбогдох албаныхны хэлж буйгаар үнэ бол нэмэгдээгүй гэсэн мэдээлэл надад ирсэн.

-Шатахууны 38 хоногийн нөөцтэй учраас хомсдол үүсэх боломжгүй гэж та хэллээ. Тэгэхээр зохиомлоор хомсдол үүсгэж байна гэж ойлгож болох уу. Бас ийм тохиолдолд хариуцлагын асуудал яригддаг уу?

-Энэ асуудлыг Үнийн зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцэнэ.

-Импортлогч компаниуд өнгөрсөн гурван сарын хугацаанд ашиггүй ажиллаж ирсэн. Цаашид энэ байдлаар үргэлжилбэл сөхөрч мэднэ гэдэг тайлбарыг хэлээд байгаа?

-Бид импортлогч компаниудын эрх ашгийг байнга бодож, ойлгож ирсэн. Аль аль нь хүлээцтэй хандах байх.

-ОХУ-д шатахууны үнэ нэмэгдэх нь гэсэн мэдээлэл гарсан. Тэгэхээр Монгол Улс энэ давалгаанд өртөж, ойрын үед үнэ нэмэгдчих вий гэсэн болгоомжлол байна?

-Өнгөрсөн долдугаар сарын үед хилийн үнэ 46-50 ам.долларын хооронд хэлбэлзэж байсан бол одоо 66 орчим ам.доллартай байна. Үүнээс сэргийлж аж ахуй нэгжүүдэд үнэ тогтворжуулах гэрээ хий гэх мэтээр бүх л бололцоог нь нээж өгсөн. Үнэ нэмэгдүүлэхгүй байх талаар тал талаасаа хичээж  ажиллах ёстой. Бараа бүтээгдэхүүний үнэ өсвөл ард түмний амьдрал, улс орны эдийн засагт сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Тиймээс туйлын болгоомжтой, ухамсартай хандах ёстой. Үнэ нэмэгдэх асуудлыг үнийн бодлогын зөвлөл шийдвэрлэнэ.

-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөхөд бидний үнэ дагаж өсч, бид түүнд зохицуулсан бодлого хэрэгжүүлсээр ирлээ. Цаашид нефть боловсруулах үйлдвэр барих, дотоодоос нөөцөө хангах талаар ямар бодлогын арга хэмжээ авах ёстой юм бол?

-Бид жилд нэг сая гаруй тоннын хэрэглээтэй улс. Энэ нь бид өөрөө өөрсдийгөө дотоодын нөөцөөс хангаад явах боломжтой. 1990 оноос нефтийн орд газраас сая сая газрын тосны бүтээгдэхүүн урд хөршид гаргаж байгаа.  Тухайн үед бүтээгдэхүүн хуваах гэрээ, эрх зүйн зохицуулалт байгаагүй, одоо ч байхгүй. Манай хоёр том хөрш 1990 онд бүтээгдэхүүн хуваах гэрээг байгуулсан байдаг. Өнөөдөр бид хэрэггүй, амьдрал дээр хэрэгждэггүй маш олон хууль баталдаг. Гэтэл хамгийн хэрэгтэй Бүтээгдэхүүн хуваах гэрээгээ батлаагүй л явна. Монгол Улсын Засгийн газраас боловсруулах, баяжуулах үйлдвэр барихаар Энэтхэгийн Засгийн газраас зээл авч, нефть боловсруулах төслийн нэгж ажилдаа ороод тодорхой ажлууд хийж байна. Бид дотоодын хэрэгцээгээ хангаж, импортлох боломж бий. Монгол Улс дэлхийн баялгийн хоёр том хэрэглэгч буюу 70 хувийг хэрэглэдэг хоёр том хөршийн дунд оршдог. Ийм баян хоёр хөрштэй байж ийм ядуу байгаа нь бидний өөрсдийн буруу.

-Таныг саяхан Засгийн газрын хуралдааны үер “Оюутолгойн” үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг зүйлийг хэлсэн гэсэн. Яагаад ингэж хэлэх болов?

-Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар уул уурхайн чиглэлээр УИХ-д лобби бүлэг байгуулан ажиллаж буй. Энэ бүлэг Бүтээгдэхүүн хуваах гэрээг санаачлан УИХ-д өргөн барих талаар санаачилга гарган ажиллах саналаа удахгүй хүргүүлнэ. “Оюутолгой”-оос гарч байгаа  ашиг ард түмэнд харагдахгүй, улс орны эдийн засагт өгч буй нөлөөлөл нь мэдрэгдэхгүй байна. Гурван жил орсны хугацаанд гурван сая орчим зэсийн баяжмал гаргасан байна. Цэвэр зэс гэхэд 600 мянган тонн гаргасан байгаа юм. Энэ бүхнээс Монголд наалдаж байгаа зүйл нэг ч алга. Саяхан “Рио Тинто” компани “Оюутолгой”-д түшиглэж 4,5 тэрбум ам.доллар босгосон. Энэ мөнгөнөөс Монгол Улсад нэг ч доллар оруул ирээгүй. Энэ босгосон мөнгөө хувьцаа эзэмшигчдэдээ ашиг болгож тараасан байна лээ. Монгол Улсын 34 хувийн хувьцаа эзэмшигчийн зээл, хүү нийлээд хоёр тэрбум орчим ам.доллар болно. Яагаад тэд энэ хоёр тэрбум ам.долларыг өгч болоогүй юм бэ. Энэ бол “Оюутолгой”-г цаашид ажиллуулж болохгүй гэх хамгийн том илрэл байсан. Гэтэл энэ талаар монголчууд юу ч мэдээгүй. Энэ бол үнэхээр харамсмаар зүйл. Тиймээс Засгийн газрын хуралдааны үеэр “Оюутолгой”-н үйл ажиллагааг зогсоох ёстой гэдэг зүйлийг хэлсэн.

-Та Засгийн газрыг төлөөлж байгаа хүн. Тэгэхээр ялангуяа “Оюутолгой”-н асуудал дээр ямар байр суурь илэрхийлсэн бэ, Засгийн газар. Цаашид ямар байр суурь  баримтлах вэ?

-Бид дэлхийн цөмийн зэвсэг бүхий, НҮБ-ын байнгын гишүүд хоёр том гүрний дунд байж гуравдагч этгээдэд баялгаа алдсан гэж бодохоор харамсмаар. Тиймээс үйл ажиллагааг нь зогсоох ёстой. Түүний дараа ашигтай ажиллах боломжийг бий болгох ёстой. Дэлхийн хамгийн том зэсийн орд Индонез улсад бий. Энэ ордын 50 орчим хувь АНУ, 20 гаруй хувь нь Рио Тинтогийн хувь байдаг. Гэтэл Индонез улсын зүгээс 20 гаруй хувийг эзэмшдэг Рио Тинтогийн хувьцаа эзэмшигчдээс татгалзаж эхэлсэн. Бид тэр туршлагаас судлах ёстой. Олон орны газар зүйн байршил, геополитик, хөгжил дэвшлийг харгалзаж олон үндэстнүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг хөрөнгө оруулагчдын өмнө бид толгой бөхийх учиргүй.

Ш.Оюунчимэг /news.mn/ 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1762
Өчигдөр 7377
Нийт 2024022