Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуайд хамт олон нь хүндэтгэл үзүүлэв



Уул уурхай, эрдэс баялгийн судалгаа шинжилгээ, геологи хайгуулын салбарыг шинэ шатанд гаргаж, Монгол Улсын стратегийн орд газруудыг нээн олох ажлуудыг удирдан зохион байгуулж, Геологи уул уурхайн салбарт өндөр хувь нэмэр оруулсан Төр нийгмийн зүтгэлтэн, Геологи, Уул уурхайн сайд асан, ДокторЧойжингийн Хурцыг өнөөдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал тэргүүтэй хамт олон нь Хөдөлмөрийн баатартаа хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэв.  

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жил,  Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн түүхт ойг тохиолдуулан Ч.Хурц гуайн 50 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлийг төр үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнасны сацуу өмнө нь төр, олон улсаас үнэлж, Сүхбаатарын одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, ЗХУ-ын Геологийн яамны хүндэт хайгуулчин, Чехословак, Монгол Улсын тэргүүний геологич цол, тэмдэгээр шагнасан юм.  

Ч.Хурц 1963 оны 6 дугаар сараас Геологи шинжилгээний газарт инженер, хэлтсийн даргаар ажлын гараагаа эхэлж, 1964 оны 10 дугаар сараас тус газрын Ерөнхий геологич, орлогч дарга, 1966 оны 6 дугаар сараас Геологийн яамны орлогч сайд, 1976 оны 6 дугаар сараас Геологи, уул уурхайн яамны I орлогч сайд, мөн оны 7 дугаар сараас 1980 оны 7 дугаар сар хүртэл тус яамны сайдаар тус тус ажиллаж байжээ.  

Дараа 1980 оны 7 дугаар сараас МУ-аас ЗХУ-д суугаа Элчин сайдын яаманд мэргэжилтэн, 1986 оны 9 дүгээр сараас 1987 оны 5 дугаар сар хүртэл Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны яаманд ахлах мэргэжилтэн, 1987 оны 5 дугаар сараас Техникийн их сургуулийн инженерүүдийн мэргэжил дээшлүүлэх факультетийн декан, 1989 оны 12 дугаар сараас 1992 оны 7 дугаар сар хүртэл Геологи эрдэс баялгийн хүрээлэнгийн захирал, 1996 оноос тус хүрээлэнгийн орлогч захирал, Геологийн судлагааны товчооны зөвлөхөөр ажилласан байна. “Рич могол”ХХК-ийн ТУЗ-ийн тэргүүнээр 2000 оноос ажиллажээ.

            Энэ хүний бүтээлч амьдралын замнал Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, нэн ялангуяа эрдэс түүхий эдийн баазыг судалж, түлш эрчим хүч, уул уурхай, барилгын материалын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, хот суурин үйлдвэр, уурхайн усан хангамж зэрэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэргүүлэх салбаруудын хөгжилтэй салшгүй холбоотой. Монголын ард түмний “саалийн үнээ” гэгдэж, олон жил тэжээж байгаа Эрдэнэт, Шарын гол, Тавантолгой, Тэвшийн говь, Багануур, Баянтээг, Толгойт, Их алтат, Шивээ-Овоогийн уурхай тэдгээрийг түшиглүүлэн барьж байгуулсан хот суурин, Хэнтийн, Дорноговь аймгийн Хайлуур жоншны үйлдвэр, хотууд, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Хөтөл хот гээд энэ хүний нэрнээс салгаж ойлгохын аргагүй олон арван их бүтээн байгуулалт өнгөрсөн зууны эцсийн Монгол Улсын хөгжлийн нүүр царай болж байсан нь өдгөө ч хэвээрээ л байна.

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ




ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1826
Өчигдөр 3639
Нийт 1326886