Ж.Ганбаатар: Хэрлэн голын урсгалыг тохируулан ус цуглуулах далан байгуулж, усаа говь руу татна


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.ГАНБААТАР-mай цөөн хором ярилцлаа.
-Нүүрсний салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар товч мэдээлэл авъя. Энэ чиглэлээр салбар яамнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Энэ оны эхний долоон сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд нэлээд өндийж, өсөлт 5.3 хувьтай гар¬лаа. Өнгөрсөн онтой харьцуулахад экспортын хэмжээ гурав дахин өссөн байна.
Өмнөх жилүүдэд зэс орлогын 50 хувийг бүрдүүлж байсан бол одоо нүүрс түүнээс дутуугүй нөлөөтэй боллоо. Энэ эрчээрээ оны эцэс хүрвэл эдийн засгийн өсөлт 7-8 хувь руу дөхөхөөр харагдаж байна. Аливаа бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлт ямагт савлагаатай байдаг. Энэ таатай байдал хэр удаан үргэлжлэх нь Ази, Австралийн байгаль, нийгэм, улс төрийн нөхцөл байдал, тэр дундаа урд хөршийн зах зээлийн төлөвөөс ихээхэн хамаарна.
Төрөөс тодорхой хугацаанд ашигтай байгаа нүүрсийг л илүүтэй анхаарвал өрөөсгөл бодлого болно.
Мэдээж хэрэг дотоодын хүчин зүйлс багагүй нөлөөтэй. Ийм таатай улирлыг хэрхэн үр ашигтай ашиглах вэ гэдэг асуулт бидэнд тавигдаж байна. Өнгөрсөн хугацаанд бодлогын хэд хэдэн баримт бичиг гарсан. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд хувийн хэвшилд түшиглэсэн ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, ойрын болон дунд хугацаанд эдийн засгийн тэнцвэртэй, олон тулгуурт бүтцийг бий болгох, мөн ашигт малтмалтын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого болон Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр ч дээрх бодлоготой уялдаатай хэрэгжиж байна.
Төрөөс тодорхой хугацаанд ашигтай байгаа нүүрсийг л илүүтэй анхаарвал өрөөсгөл бодлого болно. Манай говийн бүсэд бусад ашигт малтмалын арвин баялаг нөөц бий. Энэ бүхнийг эдийн засгийн үр ашигтай, улсдаа өгөөжтэй том үйлдвэр, уурхай болгоход цогц бодлого хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зам харилцаа, эрчим хүч, усан хангамжийг нь тооцохгүйгээр зөвхөн нөөц баялгийн том тоонд хөөрлөөр хандаж болдоггүйг өнгөрсөн түүх харууллаа.
Одоогоор тогтоогдсон гүний усны нөөц энэ бүсэд нүүрс угаах болон хийжүүлэх үйлдвэр, цахилгаан станц, зэс хайлуулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр, газрын тос боловсруулах болон бусад үйлдвэр байгуулахад хүрэлцэхгүй. Тиймээс Хэрлэн голын урсгалыг тохируулан ус цуглуулах далан байгуулж, усаа Шивээ-Овоогоор дамжуулж говь руу татах төслийг боловсруулсан.
 
  
НҮҮРСНИЙ САЛБАР ХЭДЭН ЖИЛДЭЭ “СААЛИЙН ҮНЭЭ” БАЙСААР БАЙНА 

 

-Монгол Улсын нүүрсний нөөц болон олборлолт, борлуулалт экспортын хувьд товч мэдээлэл өгнө үү?
-Одоогоор тогтоогоод буй Монгол Улсын нүүрсний геологийн нөөц 37.2 тэрбум тонн. Геологийн судалгааны ажил сайн хийвэл энэ нөөц мэдээж өснө. Олборлолтын хувьд одоогийн байдлаар антрацитын 2, чулуун нүүрсний 27, хүрэн нүүрсний 20 уурхай үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн оны байдлаар нүүрс олборлолт 35.4 сая тонн, борлуулалт 33.8 сая тонн, экспорт 25.8 сая тонн гэсэн тоон үзүүлэлттэй гарсан. Нүүрс экспортолж буй 19 уурхайн нийт төслийн жилийн хүчин чадал 100,300.0 мянган тонн байна.
Нүүрсийг “хар өнгөтэй чулуу” гэж харах нэг хэрэг. Харин гэрт минь өдөр бүр ирдэг цахилгаан, дулаан гэж харвал энэ салбарын ач холбогдол илэрхий.
 
-Нүүрсний салбар Монгол Улсын эдийн засагт оруулсан бодит нэмэр гэвэл?
-Тоог бодитой харах хэрэгтэй. Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт ямар хэмжээний үр өгөөж өгч буйг төсвийн орлогын дөрөвний нэг гэдэг тоог уншаад өнгөрөх биш миний цалингийн дөрөвний нэг, манай аав, ээжийн тэтгэврийн дөрөвний нэг, манай нутаг руу тавигдаж байгаа замын дөрөвний нэг гэж ойлговол энэ салбарын хувь нэмрийг бодитой төсөөлж болно.
Энэ дотроос зэс, нүүрсний дарах жин хамгийн их. 2016 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.8 хувь, Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 13.8 хувь, Нийт хөрөнгө оруулалтын 5 хувь, Нийт экспорт 19.8 хувийг нүүрсний салбарын бүрдүүлсэн. 
Энэ онд борлуулалтын тоо олон үнийн өсөлтөөс хамаараад эдийн засагт шууд оруулах хувь нэмэр нь илүү нэмэгдэхээр байна. Энэ бол шууд харагдаж буй тоо. Үүнээс гадна уул уурхайн салбарын дам нөлөөг тооцож үзэх учиртай.
Би бусад салбарын ач холбогдлыг үгүйсгэх гээгүй. Гэхдээ одоогоор хамгийн ахиу орлоготой байгаа ганц салбараа бодитой ойлгох хэрэгтэй байна. Нэгдүгээрт улс орон маань байгалийн баялагтайгаа, хоёрдугаарт дэлхийн хамгийн том зах зээлд ойрхон байгаагаа, гуравдугаарт эрдэс баялгийн салбар үнэ цэнэтэй байгааг давуу тал болгон харж, улс нийтээрээ хурдтай, овсгоотой хандах хэрэгтэй. Уул уурхайн салбар Монголд орчин цагийн агуулгаар хөгжөөд 95 жил болж байна. Одоо эрдэс баялгийн салбарыг дэлхийн жишиг, шинэ хандлагаар харах цаг болсон. Би зориуд “эрдэс баялгийн” гэж өргөн агуулгаар нь хэлж байна.
 
-Гэвч энэ салбарын нэр хүнд сайнгүй байна. Байгаль орчныг сүйтгэж буй ийм салбар хэрэгтэй юу гэх хандлага байсаар байна.
-Тийм ээ, таны хэлдэг маргаангүй үнэн. Энэ бол сүүлийн 20-иодхон жилийн дотор бий болсон замбараагүй байдлын эцэст өнөөгийн олон нийтийн сэтгэхүйд үлдсэн ул мөр. Үнэхээр харамсалтай. Хууль бус 1000 үйлдэл хуулийн хүрээнд ажиллаж буй 10 үйлдвэрийн¬хээ нэр хүндийг унагачихлаа.
Угаас ялгаатай уурхайчин, нинжа хоёрыг адилхан гэж ойлгодог байдлыг нэн яаралтай ялгаж салгах цаг нь болсныг манай яам зорилгоо болгон ажиллаж байна. Хариуцлагатай, ил тод уул уурхайг хөгжүүлэх эхний алхам бол салбарын хуулиудадаа “их цэвэрлэгээ” хийж, анхнаасаа ойлгомжтой, хийдэлгүй, иж бүрэн зохицуулалттай эрхзүйн орчин бүрдүүлэх явдал гэж үзсэн.
Уул уурхайн хуулийн үзэл баримтлалыг батлуулж, хүсэл зориг, эрх ашиг нь хөндөгдөх бүхий л хүн, байгууллагаар хэлэлцүүлж байна. 
Ийм хуультай болсноор хүрээлэн буй орчин дахь сөрөг нөлөөллийг хамгийн бага түвшинд барьж, нийгэмд хариуцлагатай, ил тод уул уурхайн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд том алхам хийнэ. Эрдэс баялагийн салбарын талаарх олон нийтийн ойлголт, итгэл үнэмшил ч нэмэгдэнэ.
Төмрийн хүдэр, газрын тос ашиглахгүйгээр автомашин унах тухай, газрын ховор элемент, зэс олборлохгүйгээр гар утас, компьютер хэрэглэх, түгээмэл тархацтай ашигт малтмалууд оруулахгүйгээр барилга, байшин барих ямар ч боломжгүй. Амьдарч буй ахуйгаасаа татгалзахгүйгээр эрдэс баялагийн салбараас татгалзах боломжгүй болсон.
Та, бид хоёр одоо зөвхөн нүүрсний талаар ярьж байна. Үүнийг “хар өнгөтэй чулуу” гэж харах нь нэг хэрэг. Харин гэрт минь өдөр бүр ирдэг цахилгаан, дулаан гэж харвал энэ салбарын ач холбогдол илэрхий болно.
 
-Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжийг та хэрхэн харж байна?
-Нэг талаас дотоод боломжоо нэмэгдүүлэх, нөгөө талаас гадаад боломжийг ашиглах явдал юм. Бидний зүгээс монгол нүүрсний үнийг зах зээлийн жишгээс хамааралтай байх зарчмыг улс хоорондын хэлэлцээрт чухалчлах, монгол нүүрсний брэнд бий болгоход бодлогоор дэмжих, нэмүү өртөг шингээх, нүүрсээ угаах боловсруулах боломжийг бүрдүүлэх, монгол нүүрсний чанар, үнээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулахад төрөөс тодорхой бодлого баримталж байна.
Цаашид нүүрс тээвэрлэлтийн зардлыг бууруулах, эрчмийг нэмэгдүүлэхийн тулд төмөр замын дэд бүтцийн ажлыг эрчимжүүлэх, хилийн боомтуудыг олон улсын статустай болгох, нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хил гаалийн ажилчдын амьдрах орчинг сайжруулах шаардлага бий. Энэ ажлуудыг богино хугацаанд цогцоор нь хийж чадвал нүүрсний салбар хэдэн жилдээ “саалийн үнээ” байсаар байна.
Хэдийгээр жилээс жилд нэмэгдэж байгаа дулаарал, уур амьсгалын өөрчлөлт экологид ээлтэй технологи шаардаж, дэлхийн дахинд “нүүрснээс нүүр буруулах”-ыг уриалж байгаа ч НҮБ-ын судалгаагаар 2030 он хүртэл нүүрсний хэрэглээ тогтвортой байхаар гарсан.
Дэлхийн нүүрсний том тоглогч болох БНХАУ-ын “Бүс ба зам” нэртэй бодлого хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор урд хөршийн бүтээн байгуулалт нэмэгдэж, ялангуяа гангийн хэрэглээ өснө. Түүнчлэн агаарын бохирдлоос үүдэлтэйгээр бага олборлолттой 417 уурхайг хаахаар шийдсэн нь жилд 100 сая тоннын эрэлт бий болгоод байна. Энэ бүхнийг бид боломж гэж харах учиртай.
 
-Нүүрсний салбарт цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Мэдээж бодлогын зорилтуудаа төрөөс дэмжинэ. Нэг бүрчлэн хэрэгжүүлээд салбараа өөд татах нь хувийн хэвшилд ихээхэн хамааралтай.
Нүүрсний салбарт хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, харилцан үр ашигтай төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
Нүүрсний үйлдвэрлэлийн тогтвортой өсөлтийг хангах зорилгоор геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх;
Нүүрсний зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, экспортын нэг цонхны бодлогыг хэрэгжүүлэх;
Нүүрсний нөөцийг байгаль орчинд ээлтэй технологиор иж бүрэн ашиглаж, боловсруулалтын түвшинг ахиулснаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх;
Нүүрс-химийн үйлдвэрлэлийн цогцолборыг байгуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
Хүрэн нүүрсний олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх;
Хэрлэн гол дээр ус хуримтлуулах сан байгуулж, говийн бүсийг усжуулах замаар уул уурхай, хүнд үйлдвэрийн төсөл хөтөл¬бөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг хийнэ.
 
-Геологийн судалгааны ажлыг эрчимжүүлэх тухайд та юу хэлэх вэ?
-Монгол орны Зүүн болон Төвийн бүс харьцангуй сайн судлагдсан. Цаашид Хангайн болон Баруун бүсэд геологийн судлагааны ажлыг эрчимжүүлснээр томоохон ордууд илрүүлэх боломжтой. Тиймээс цаашид геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, ашигт малтмалын нөөцийг өсгөх, 2020 он гэхэд 1:50000-ын масштабын зураглалын ажлыг нутаг дэвсгэрийн 40 хувьд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.  
 
Эх сурвалж: "Геологи, уул уурхайн мэдээ" сонин

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 903
Өчигдөр 3290
Нийт 793781