Д.Ганбат: “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олборлогч аж ахуйн нэгжүүдэд зээл олгоно


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Д.Ганбаттай “Алт-2” хөтөлбөрийн талаар ярилцлаа. 

 

-Манай улс өмнө нь “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан туршлагатай. Гэхдээ байгаль орчинд их хохирол учруулсан.  Тэгвэл энэ алдааг одоо хөтөлбөр хэрэгжүүлэхдээ давтахгүйн тулд хэрхэн ажиллах вэ?

-1991 онд алтны олборлолт жилд 800 кг байсан бол “Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр 2001 онд 13 тн болсон. Олборлолт ингэж өссөн ч сөрөг үр дагавар гарсан. Энэ нь нөхөн сэргээлтийн ажил хангалттгүй байснаас гадна хаягдал ихтэй технологи ашиглаж байсантай холбоотой. 2000 онд гарсан “Алт” хөтөлбөрийн үр дагавар нь мөн л давтагдсан. 68 хувийн татварын өмнө буюу 2005 онд 24 тн алт олборлож байсан. Үндсэндээ шороон ордын нөөцүүдийг ашиглаад дуусчихсан. Одоо шороон ордын нөөц 27 тн л үлдсэн гэсэн судалгаа бий. Одоо “Алт-2“ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ алт олборлогч аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн хувьд дэмжиж тогтвортой ажиллах нөхцөлөөр хангахаар төлөвлөсөн. Нөгөөтэйгүүр байгаль орчны нөхөн сэргээлт хийх шаардлага тавина.

Ер нь “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд таван зорилт дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, хууль эрх зүй, татварын орчныг тогтвортой байлгах, хоёрдугаарт, геологийн нөөцийг нэмэгдүүлэх судалгааг сайжруулах, гуравдугаарт олборлолтыг өсгөх. Жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлж 2020 он гэхэд Монголбанкинд тушааж байгаа алтыг 25 тоннд хүргэхээр төлөвлөсөн. Дөрөвдүгээрт, орчин үеийн техник технологийг ашиглаж хариуцлагын тогтолцоог иж бүрэн хангах, тавдугаарт, бичил уурхайн асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах гэсэн зорилтыг тавиад байна. Богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх ийм таван үндсэн зорилттой “Алт-2” хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаад хэрэгжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна. Хэрэгжилтийг хангах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын удирдлагад “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүүлэх зөвлөл гэж байгуулагдсан. Зөвлөл нь дотроо орон нутаг, хууль эрх зүй, санхүүжилт, геологи, уул уурхай, байгаль орчины нөхөн сэргээлт гэсэн чиглэлээр хуваагдан ажиллана. Эхнээсээ иж бүрэн бүтцээр ажиллаж,хяналт тавина гэсэнүг. 

 

-“Хуулийг хэрэгжүүлэх нарийн механизм буюу журам нь байхгүйгээс нөхөн сэргээлт хийхгүй байгаа олборлогчдод хариуцлага тооцож чаддаггүй” гэж Байгаль орчны иргэний зөвлөлийнхөн ярьж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцсан салбар зөвлөлд энэ асуудлаар ярилцаж байгаа. Энэхүү “Алт-2” хөтөлбөрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх үед Ерөнхий сайд чиглэл өгсөн. Ингэхдээ “Хуулиа зөрчөөд нөхөн сэргээлт хийхгүй байгаа компаниудын тухай асуудлыг тусад нь оруулж ирээд хариуцлагын асуудал тавьж болно” гэсэн чиглэлийг бидэнд өгсөн.

Ер нь 2017 онд хууль,эрх зүйн орчноо сайжруулах асуудлаа шийдвэрдлэж дуусгая гэж ярьсан. Ингэснээр талбайнуудыг эзэнжүүлнэ, хариуцлага тооцох механизм тодорхой болно. Цаашлаад тусгайй зөвшөөрлийг нь цуцлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, дахин уул уурхайн салбарт оруулахгүй байх зэрэг арга хэмжээ авна.

 

-Алтны олборлолтоос хэр их орлого улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцоолоод байгаа вэ?

-Алтны ханшийн төсөөлөл одоо байгаагийнхаас бага зэрэг бууралттай байгаа хэдий ч 1000 ам.доллараас дээш үзүүлэлт байхаар харагдаж байгаа. 2020 он хүртэл алт тушаалт 25 тонн хүрвэл зөвхөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс л гэхэд 59 тэрбум төгрөг төсөвт орно гэж тооцоолоод байна. Түүнчлэн 1.1 тэрбумын борлуулалт хийх төсөөлөл харагдаж байгаа. Албан ёсны Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэнэ. Үүнийг дагаад алтолборлолтын салбарт ажиллах хүчний тоо нэмэгдэх эерэг үр дагавартай.

 

-“Урт нэр”-тэй хуулийн дагуу үйл ажиллагаа нь зогссон компаниудын асуудлыг хэрхэн шийдэх вэ. Шинээр тусгай зөвшөөрөлолгох уу?

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын дагуу хуучин олборлолт явуулж байсан бол түүнээсээ 200 метрийн гадагш олборлолтоо үргэлжлүүлж болно. Шинээр лиценз олгох асуудал хуулийн хүрээнд эрэл хайгуул хийгээд нөөц таамаг бүхий ордод олгох тийм зарчим барьж байгаа. Хөтөлбөрт тусгагдсан нэг асуудал бол хууль бусаар алт олборлож байсан нөхөн сэргээлт явагдаагүй тийм талбайнуудыг эзэнжүүлэхээр ажиллаж байна. Хэн нэгэнд тусгай зөвшөөрөлолгож байж дараа нь байгаль орчноо хохиролгүй болгохыг шаардана. Ер нь “Урт нэр”-тэй хуулийн үйлчлэлд хамгийн сүүлийн байдлаар ашиглалтын 340, хайгуулийн 420-иод тусгай зөвшөөрөл бий. Үүнээс 180 орчим нь алтных.

 

-“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд олборлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохоор яригдаж байгаа гэсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Өнгөрсөн жил хүчтэй яригдаж байсан асуудал бол алт олборлогчдод олгох 260 тэрбумын зээл байсан. Гуравдугаар сард зээлээ аваад 10, 11 дүгээр сард Монголбанкинд алтаа тушаах, тушаахгүй бол хүүний торгуульд орох нөхцөлтэй зээл байсан юм билээ. Одоо бол бид санхүүжилтийн асуудлыг хөрөнгө оруулалтын болон эргэлтийн гэсэн хоёр хэлбэрээр л олгох хэрэгтэй гэж үзсэн. Хөрөнгө оруулалт хийж техник,тоног төхөөрөмжөө сайжруулъя гэсэн компани, аж ахуйн нэгжүүдэд бол арай урт хугацааны зээл олгоно. Харин шатахуун түлшний зэрэг эргэлтийн хөрөнгө шаардлагатай компаниудад эргэлтийн журмаар зээл олгох тухай ярьж байна. Энэ зээл нь одоо ашиглагдаж байгаа шороон ордуудын төслүүдийн хэмжээнд, дээрээс нь үндсэн ордын ашиглалт хийх гээд хөрөнгө дутчихсан төслүүдийг хөдөлгөхөд зарцуулагдана. Ер нь үндсэн ордын ашиглалтад түлхүү зээл олгоё гэж төлөвлөж байгаа. Ингэснээр 2018 он гэхэд үндсэн ордоос орж ирэх алтны хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэж найдаж байна.

 

-Гацууртын ордыг ашиглах талаар “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд ярьж байгаа юу?

-Гацууртын ордын булш бунхантай хэсэг Ноён уулын ашиглалтын хүрээнд орохгүй, зайтай байгаа. Гацууртын ордыг ашиглах гэдэг дээр ордын нөөцийн ангиллын өөрчлөлтийг сая хийсэн. Дараагийн асуудал үргэлжлээд яригдана гэсэн үг. Өмнө нь “Урт нэр”-тэй хуульд хамрагдаад хязгаарлагдмал нөөцтэй гэж үзэж байсан бол одоо эдийн засгийн үр ашигтай нөөцтэй болж өөрчлөгдсөн. 

 

Эх сурвалж: “Ардын эрх” сонин

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ



Өнөөдөр 117
Өчигдөр 2458
Нийт 228417