Б.Баатарцогт: Эрх зүйн орчноо цэгцлэн, мэдээллээ ил тод болгож, хөрөнгө оруулалт татна


Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогттой ярилцлаа.

-Шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдаж, таныг Ашигт малтмал, газрын тосны газрын даргаар томилсон. Өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулаад байна вэ?

-УИХ-ын 2016 оны сонгуулийн дүнгээр шинэ Засгийн газар байгуулж, өмнө нь тусдаа үйл ажиллагаа явуулж байсан Ашигт малтмалын газар, Газрын тосны газрыг нэгтгэсэн. Энэ ажилд томилогдсоноос хойш байгууллагынхаа дотоод бүтцийг бүрдүүлж, үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Дараа нь геологи хайгуул, газрын тосны салбарт хэрхэн хөрөнгө оруулалт татах вэ, эрх зүйн орчин ямар байна вэ гэдэгт дүн шинжилгээ хийсэн. Улс орнуудын геологи, уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татах өрсөлдөх чадварыг үнэлдэг олон улсын судалгааны байгууллагууд бий.

Фрейзерийн институт гэж бие даасан байгууллагаас 2015 онд гаргасан судалгаагаар Монгол Улс сайн үнэлгээ аваагүй. 109 орноос 85-д жагссан. Энэ байгууллагын ар талд геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид байдаг юм. Тэднийх Монголын эрх зүйн орчин боломжийн, гэхдээ хууль, дүрэм, журам, стандартын давхцал ихтэй гэсэн үнэлгээ өгсөн. Мөн геологи, уул уурхай, газрын тосны салбарын мэдээлэл нь ил тод биш гэж үнэлсэн. Өөрөөр хэлбэл, манай тайлагналын систем нь ил тод биш, хөрөнгө оруулагчдад өгөх мэдээлэл дутмаг гэсэн үг.

Мөн эрдэс баялаг, газрын тос, ашигт малтмал ихтэй орнуудын уул уурхайн засаглалыг судалдаг Олон улсын уул уурхайн байгалийн нөөцийн засаглалын хүрээлэн ч манайд сайн дүн тавиагүй. Энэ байгууллагын 58 орныг хамруулсан судалгаагаар Монгол Улс 26 нь жагсаж байна. Бид анализ хийлээ. Мөн ялгаагүй тайлагналыг тогтолцоо муу гэж үнэлүүлсэн.

Үүнээс гадна баталгаа, чанарын хяналт нь сул гэсэн үнэлгээ авсан байна лээ. Эндээс хууль эрх зүйн орчны давхцал, ойлгомжгүй байдлаа арилгах, тайлагнал, мэдээллийн ил тод байдал, урсгалыг сайжруулах хэрэгтэйг ойлгосон. Ингэж байж манай уул уурхайн салбар өрсөлдөх чадвартай болно. Бид энэ чиглэлд ажлаа төвлөрүүлэх болно. Хөрөнгө оруулагчид төдийгүй төр засаг шийдвэр гаргахад үнэн бодит мэдээлэл чухал.

-Танайх тийм ч нээлттэй газар биш шүү дээ. Мэдээллээ ил тод болгохын тулд юу хийнэ гэж бодож байна вэ?

-Тодорхой ажил эхлүүлчихсэн. Байгууллага дотроо “Эрдэс баялгийн мэдээллийн төв” гэсэн нэгж байгууллаа. Энэ төв геологи, уул уурхай, газар тос, хүнд үйлдвэрийн тайлан, судалгаа, мэдээллийг тодорхой стандарт шаардлагын дагуу боловсруулж, хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх юм. Товчхондоо, энэ нэгжээр дамжуулж, мэдээллийн ил тод байдлаа хангах зорилго тавиад байна.

“Эрдэс баялгийн мэдээллийн төв”-ийн хийх хамгийн том ажил нь Монгол Улсын геологийн суурь буюу улсын төсвийн хөрөнгөөр хийсэн судалгаануудын тайлан мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Австрали-Монголын эрдэс баялгийн хамтын ажиллагааны хөтөлбөр, ХБНГУ-ын Геологийн алба, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтарсан төсөл эхлүүллээ.

Ашигт малтмал, газрын тосны салбарт хөрөнгө оруулах сонирхолтой томоохон компанийн төлөөлөл хамгийн түрүүнд Монгол орны геологийн суурь мэдээллийг л шинжинэ. Геологичид, экспертүүд нь манай суурь мэдээллийг үзээд, энэ талбайд ашигт малтмал байх магадлалтай, тогтоц, хүдэржилт, чулуулаг нь ийм онцлогтой гэх мэтээр тодорхойлно. Хөрөнгө оруулагчдад суурь судалгаа л анхны дохиог өгдөг.

-Монголын газар нутагт геологийн судалгаа хэр хийсэн бэ? Геологийн газрын зурагт Монголыг бүрэн судлаагүй, “цагаан” хэмээн тэмдэглэдэг гэж сонссон.

-Геологийн судалгааны түвшинг тийм сайн гэж хэлэхгүй. 1:200.000 масштабын геологийн зураглалаар Монголын газар нутгийг бүхэлд нь бүрхчихсэн. Өөрөөр хэлбэл, судалчихсан гэсэн үг. Харин илүү нарийвчлалтай буюу 1:50.000 масштабын геологийн зураглалыг хийж дуусаагүй байна. Ийм нарийвчлалтай масштабаар Монгол Улсын нийт нутгийн 34 хувийг судалчихаад байгаа. Үлдэж буй газартаа нарийвчилсан судалгаа хийх шаардлага бий.

Тэр хэмжээгээр геологийн тогтоц, цаашлаад орд илрэх магадлал өснө. Агаарын геофизик, гидрогеологи гэх мэт бусад геологийн судалгааны ажлыг тодорхой хэмжээнд хийж байгаа. Гэхдээ өндөр нарийвчлалтай судалж чадахгүй байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 1:50.000 масштабтай геологийн зураглалыг газар нутгийнхаа 40-45 хувьд хүргэнэ гэсэн зорилт дэвшүүлсэн.

Улс геологийн зураглал хийлгэхээр жил бүр 9-10 тэрбум төгрөг төсөвлөж, сонгон шалгаруулалт зарлан, мэргэжлийн компаниудаар гүйцэтгүүлдэг. Энэ жил гэхэд 9.3 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Геологийн зураглал хийлгээд, үүн дотроосоо эрдсийн хуримтлалтай, ашигт малтмал байх боломжтой талбайнуудаа ялган, сонгон шалгаруулалт буюу тендер зарлаж, лиценз олгодог. Үлдсэн талбайдаа өргөдөл хүсэлтийн дагуу хайгуулын лиценз олгож байгаа.

-Хөрөнгө оруулагчдын хандлага ямаршуухан байна. Хайгуулын лиценз авах сонирхолтой компани олон бий юү?

-Дэлхийн хайгуулын, тэр дундаа зөвхөн металл ашигт малтмалын салбарт 15-20 тэрбум ам.доллар эргэлдэж байна. Энэ мөнгө ашигт малтмал илрэх боломжтой талбай, мэдээлэл нь илт тод байдаг орон, татвар, хууль эрх зүйн орчин нь өрсөлдөх чадвартай газар руу урсаж байгаа. Монгол Улс энэ мөнгөнөөс хүртмээр байна. Тэгэхийн тулд дээр дурдсанчлан мэдээллээ ил тод болгож, хууль эрх зүйн орчноо сайжруулах хэрэгтэй.

Хайгуулын салбарт эргэлдэж буй мөнгөний 10 хувь нь манай хоёр хөрш рүү урсаж байна. Мөн Канад, Австрали руу тус бүр 7-8, Өмнөд Америк руу 10 орчим хувь нь тарж байгаа. Бид энэ мөнгөний гурван хувийг Монгол руугаа татъя гэсэн зорилго тавьсан. Хайгуулын салбарт мөнгө ч, хөрөнгө оруулагчдын сонирхол ч байна. Гагцхүү бидэнд хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг, өдөөх мэдээлэл алга.

Нөгөөтэйгүүр, хайгуулын салбарт хөрөнгө оруулах үндэсний компани олон бий. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлөө 2000 компани өрсөлдөж байгаа. Үндэсний компаниуд ч, гадаадын том хөрөнгө оруулагчдад хайгуулын салбарт ажиллах сонирхол бий.

-Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлснээс хойш хэдэн компани лиценз аваад байна вэ?

-Ашигт малтмалын лиценз олгохыг 2010 онд зогсоосон. Тухайн үед тусгай зөвшөөрлийн тоо 4000-д хүрч байлаа. Түүнээс хойш 1000 болж буурсан. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, 2015 оноос лиценз олгож эхэлсэн. Өнгөрсөн оны эцсийн байдлаар хайгуулын 2022, ашиглалтын 1558 тусгай зөвшөөрөл хүчинтэй байна. Лицензтэй талбай нийт газар нутгийн 8.9 хувийг эзэлж байгаа. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай найм, ашиглалтынх нь 0.9 хувийг эзэлдэг. Энэ бол том тоо биш. 2015 оноос хойш 1000 орчим хайгуулын лиценз шинээр олгожээ.

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох журмыг өөрчлөхөөр болсон гэж сонслоо. Энэ үнэн үү?

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг хоёр өөр зарчим, журмаар олгож байгаа. Нэгдүгээрт, сонгон шалгаруулалтын журам буюу тендерийн зарчмаар өгч байна. Улсын төсвийн хөрөнгөөр геологийн судалгааны ажил хийсэн, хэтийн төлөвтэй, илрэл тогтоогдсон талбайг ялгаад сонгон шалгаруулалт зарладаг. Сонгон шалгаруулалтын оноог 100 хувь гэж үзвэл 50-ийг нь үнэ хаялцаж авдаг. Хамгийн өндөр үнэ санал болгосон компани 50 оноо авна гэсэн үг. Үлдсэн 50 хувьд нь компанийг үнэлдэг.

Геологийн хайгуул хийсэн туршлага, хөрөнгө чинээ, боловсон хүчний чадавх, тоног төхөөрөмжийн чадал зэргийг нь харгалзан үздэг. Хоёрдугаарт, өргөдлийн буюу хэн түрүүлж хүсэлт гаргасан нь лиценз авдаг зарчим бий. Энэ зарчмыг 2015 оноос цахим дугаар олголтоор хэрэгжүүлж ирсэн. Цахим дугаар олголтод хардлага дагуулсан, ойлгомжгүй зүйл нэлээд бий.

Сайжруулах, илүү боловсронгуй болгох шаардлагатай. Өргөдлөөр лиценз олгох журмыг өөрчилнө. Гэхдээ цахимаар хүсэлт авдаг хэлбэрийг нь хадгална. Илүү боловсронгуй, ил тод болгох юм. Одоогоор манайх сонгон шалгаруулалтаар хайгуулын лиценз олгож байгаа.

-Хайгуулын салбарт хөрөнгө оруулагчид орон нутгийн өөрийгөө удирдах байгууллагатай зөрчилддөг.

Жишээ нь, танайхаас хайгуулын тусгай зөвшөөрөл олголоо гэхэд сумын ИТХ-аас тухайн талбайг нь тусгай хэрэгцээнд авчихдаг. Ингэхээр хөрөнгө оруулагч наашаа ч үгүй, цаашаа ч үгүй гацдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Ийм бэрхшээл тулгарч байгаа нь үнэн. Засгийн газраас энэ бүс нутаг, талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулж болно гэсэн тогтоол гаргасан. Талбайг тогтоохдоо бүх яамнаас санал авсан, үүнээс гадна хуулиар хориглосон хязгаарласан газар нутгийг оруулаагүй.

Тухайлбал, улсын тусгай хамгаалалттай, тусгай хэрэгцээний, дэд бүтэц байгуулах, газар тариалангийн, “урт нэртэй” хуулийн хязгаарлалтад багтсан газрыг солбилцлоор тогтоож, бусад талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болно гэж тогтоосон. Засгийн газар тогтоол гаргачихаад байхад орон нутгийн удирдлагууд тухайн талбайг тусгай хэрэгцээнд авах, хайгуул хийлгэхгүй эсэргүүцэх явдал хаа сайгүй байгаа. Бодлого шийдвэр нь Засгийн газрын түвшинд гарчихаад байхад орон нутгийн удирдлагууд тээг болох ёсгүй. Бид энэ асуудлыг шийдвэрлэх хоёр ажил хийхээр төлөвлөсөн.

Нэгдүгээрт, аймаг, бүс нутгийн хэмжээнд ашигт малтмал, газрын тосны чиглэлээр ажилладаг компаниудыг орон нутгийн иргэдийн төлөөлөлтэй уулзуулах ажлыг зохион байгуулна. Нэг талаас компани ямар үйл ажиллагаа явуулахаа, орон нутагт ямар тус нэмэр оруулахаа, байгаль орчинтой хэрхэн харилцахаа танилцуулаг.

Нөгөө талаас орон нутгийн иргэд ямар хяналт тавих, хариуцлага нэхэх, дэмжлэг авахаа ярилцаг. Ингэж ойлголцуулах хэрэгтэй. Хоёрдугаарт, ашигт малтмал, газрын тосны чиглэлээр олон нийтэд үнэн зөв мэдлэг, мэдээлэл өгөхөд чиглэсэн цахим хуудас ажиллуулна. Геологийн судалгаа ийм учиртай. Судалгааны хүрээнд ийм ажил хийдэг. Энэ нь байгаль орчин, малын бэлчээрт тийм нөлөөтэй гэх мэт бодит мэдээллийг шинжлэх ухааны үндэстэй өгч, иргэдийн уул уурхайн боловсролыг дээшлүүлэхэд анхаарна.

Австрали, Канад уул уурхайн орон. Эдгээр орны иргэд уул уурхай улс оронд нь ямар ашигтай, байгаль орчинд хэр сөрөг нөлөөтэй, яавал сайжруулах талаар асар өндөр мэдлэгтэй байдаг. Иймээс иргэд нь уул уурхайн салбараа дэмждэг. Монголчуудын уул уурхайн мэдлэг дутаад байгаа юм. Шинжлэх ухааны үндэстэй баримтад тулгуурласан мэдээллээр хангаж, уул уурхайн салбарт хандах олон нийтийн хандлагыг өөрчлөх хэрэгтэй.

-Орон нутгийн удирлагууд хайгуулын компаниудын гарыг хараад байдаг юм уу гэж анзаарагддаг. Сумынх нь эмнэлэгт шинэ машин аваад өгчихвөл газар нутгаа тусгай хэрэгцээнд авсан шийдвэрээ цуцлах жишээтэй.

Үүнийг эдийн засгийн хөшүүргээр зохицуулах шаардлагатай юм шиг санагддаг.

-Эдийн засгийн хөшүүргээр зохицуулахын тулд хуулийн хоёр заалтыг хэрэгжүүлэх шаардлагатай. Нэг нь ашигт малтмалын нөөц ашигласны татвар буюу роялтийн 30 хувийг сумын Орон нутгийг хөгжүүлэх санд хуваарилна. Нөгөө нь тусгай зөвшөөрлийн төлбөрийн 50 хувийг орон нутагт нь олгоно гэсэн заалт юм. Сангийн яамныхан хуулийн эдгээр заалтыг хэрэгжүүлэх ёстой. Өнөөдөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төвлөрүүлж улсын нэгдсэн төсөвт аваад орон нутагт жигд тараачихаж байгаа.

Засгийн газрын түвшинд ярьж, ашигт малтмал олборлуулж, хайгуул хийлгэж байгаа орон нутгийн төсөвт нь зохих санхүүжилт олгох ёстой. Хуулийн заалтыг хэрэгжүүлж, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлбэл удирлагууд уул уурхайд ач холбогдол өгнө. Мөн уул уурхайн олборлолт хийж буй компаниуд Засгийн газраас баталсан загварын дагуу орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулах шаардлагатай. Тодорхой санхүүжилтийн хүрээнд дэд бүтцийг нь ингэж хөгжүүлнэ, байгаль орчны нөхөн сэргээлт тэгж хийнэ гэх мэт заалттай гэрээ байгуулах хэрэгтэй.

Ингэвэл орон нутаг хөгжинө. Цаашид дэд бүтэц сул хөгжсөн алслагдсан аймаг руу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл түлхүү олгох нь төрийн бодлого байх ёстой. Хайгуулын хөрөнгө оруулалт тухайн газартаа, орон нутагтаа шингэдэг онцлогтой. Нутаг орноос нь ажилчин, хүнсээ авна. Алслагдсан аймгуудад ашигт малтмалын нөөц баялаг илэрвэл, уул уурхайн олборлолттой уялдаад дэд бүтцийн хөгжил бий болно.

-Ашигт малтмал, газрын тосны газар ойрын жилүүдэд хөрөнгө оруулалт татах чиглэлээр түлхүү ажиллах нь тодорхой юм байна. Өөр ямар ажил амжуулна гэж төсөөлж байна вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудаа хийнэ. Шинээр хайгуулын талбай зарлана. “Алт-2” хөтөлбөр батлагдлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олборлолтыг нэмэгдүүлэх, 2020 он гэхэд жилд 25 тонн алт олборлох төлөвлөгөөтэй байгаа. “Урт нэртэй” болон бусад хуулийн хязгаарлалтад орсон алтын лицензийг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлага бий.

Мөн газрын тосны хайгуулыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт татна. Газрын тосны хэд хэдэн талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нээлттэй сонгон шалгаруулалт олон улсад зарлахаар зэхэж байна. Нөгөөтэйгүүр, уламжлалт бус газрын тос буюу нүүрсний давхаргыг метан хий, занарын эрэл хайгуулыг эрчимжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулалт татах ажил хийхээр төлөвлөсөн.

-Шинэ орд нээгдэх төлөв харагдаж байна уу?

-Хайгуулын ажил нь эрчимтэй явж байгаа, хөрөнгө оруулалт сайн хийсэн хэдэн төсөл бий. Алт, зэсийн том орд нээгдэх бололцоо байна. Бид хайгуулын талбай хэдий чинээ нэмэгдэнэ, төдий чинээ орд олдох магадлалыг ихсэнэ гэж ойлгож байгаа. Их хэмжээний хөрөнгө оруулах тусам томоохон орд олдох магадлал өсдөг. Томоохон нөөцтэй ордыг лицензээр авчихна гэдэг ойлголт өнөөдөр байхгүй болсон.

Хэн их хөрөнгө оруулалт хийнэ, тэр талбайд дэлхийн хэмжээнд үнэлэгдэх орд илрэх боломж бий. 1000 лицензээс дэлхийн хэмжээний нэг орд илэрвэл сайхан үр дүн гарлаа гэж геологичид үздэг юм. Том орд олдох магадлал ийм бага байдаг. Хайгуулыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татаж чадвал дэлхийн зиндааны орд илрэх геологийн боломж Монголд бий. Дэлхийн хэмжээний ордууд Монголоос олдсон шүү дээ.

Эх сурвалж: UNUUDUR.MN

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 564
Өчигдөр 3905
Нийт 805969