Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд “Уул уурхай, металлургийн цогцолбор төсөл”-ийг дэмжинэ


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлагдаж, үүнд хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийг тэргүүнд тусгасан. Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртолгой, Төмөртэй уурхайд ажиллаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт болон төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн явцтай танилцав. 

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК нь 1990 оны 16 дугаар тогтоолоор Монгол-Японы Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу Дархан-Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдсан. Ажлын хэсгийн эхлээд очсон Төмөртолгойн уурхайн хувьд анх 1963 онд 25 сая.тн нөөцтэй гэж тогтоосон ч, 2017 оны хайгуулаар 11.9 сая.тн болж буурах судалгаа гарчээ. Уурхайн нөөц хэдий багассан ч, нэмэлт хайгуул хийхээр төлөвлөж буйгаа удирдлагууд нь танилцуулж байна. Төмөртолгойн уурхайгаас олборлож байгаа хүдэр нь хүхрийн агуулга өндөртэй учир технологио сайжруулах шаардлагатай. Харин Төмөртэйн ордын хувьд, 229 сая.тн нөөцтэй бөгөөд жилд  нийт 5 сая.тн хүдэр олборох хүчин чадалтай. Тус уурхай 2014 онд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Сүүлийн 6 жилд хоёр уурхай 28 сая м/куб хөрс хуулж, 11 сая.тн хүдэр олборложээ. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь 10 мян.тн цувимал, 1 сая.тн ган бөөрөнцөг үйлдвэрлэсэн байна.

 

“Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төсөл”-ийг тус компани хэрэгжүүлж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу бол 2019 онд төслийг бүрэн хэрэгжүүлж дуусах товтой байв. Гэвч төмрийн хүдэр боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоос ухарч, өнөөдөр гүн боловсруулалт хийхгүйгээр экспортолдог компани болон хувираад байгаа асуудлыг салбарын сайд анхааруулсан. Цогцолбор байгуулах төслийн хүрээнд тус компанийн зүгээс өнөөдрийн байдлаар нийт 630 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалт хийжээ. Тухайлбал, хоёр уурхайд хуурай соронзон баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулснаас гадна Төмөртэйн уурхайд 1 сая.тн төмрийн хүдэр боловсруулах хүчин чадалтай нойтон баяжуулах үйлдвэрийг 2014 онд угсарч, ашиглалтанд оруулсан байна. Мөн  Дархан-Уул, Сэлэнгэ аймагт тус бүр 2 сая.тн хүчин чадалтай ачиж буулгах терминалыг байгуулж, 95 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулсан гээд концессын гэрээний хүрээнд томоохон бүтээн байгуулалтууд өрнөсөн гэлээ. Цаашид, “Уул уурхай, металлургийн цогцолбор” болгон хөгжүүлэхэд шаардлагатай асуудлын нэг нь  гангийн үйлдвэрийн түүхий эд болох хаягдал төмрийн зах зээлд төрөөс хяналт тавих шаардлагатайг Үйлдвэрлэл хариуцсан дэд захирал Н.Энхчулуун танилцуулж байна. Монголын дотоодын зах зээл дээр жилд 70 орчим мянган тонн хаягдал төмөр үүсдэг. Хэдийгээр хаягдал төмөр элбэг ч, хятадын хөрөнгө оруулалттай жижиг гангийн үйлдвэрүүд нэг тонн хаягдал төмрийг үнэ цохиж худалдан авч байгаа нь зах зээл дээр үнийн хөөрөгдөл бий болгож байна гэв. Үүний цаана үйлдвэрийн өрсөлдөх чадварыг бууруулж, бүтээгдэхүүний өртөг зардлыг өсгөх гол шалтгаан болж буйг хэлж байв. Харин салбарын сайд “Чанар, стандартын шаардлага хангаагүй арматур үйлдвэрлэж буй жижиг гангийн үйлдвэрүүдэд хяналт тавих нь зүйтэй. Гэвч зах зээлийн жамаар, хэн хямд өртөгтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна, түүнийг дэмжих ёстой. Та бүхэн төрөөс илүү менежменттэйгээр ажиллаж чадна гэж төсөл хэрэгжүүлэх эрх авсан шигээ хариуцлагаа үүрч, концессын хүрээний үүргээ биелүүл”” гэж үйлдвэрийн удирдлагуудад анхааруулсан.

 

Мөн цогцолбор төсөл хэрэгжүүлэхэд цахилгаан эрчим хүчний зардал өндөр бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд өртөгт нөлөөлдгийг үйлдвэрийн зүгээс учирлаж, төрөөс дэмжлэг үзүүлэх хүсэлт тавьсан юм. Түүнчлэн хаягдал төмрөөс бусад галд тэсвэртэй материал, төмөрт хайлш зэрэг туслах түүхий эд материалыг 100 хувь импортоор авдаг учир долларын ханшийн өсөлттэй уялдуулж, импортын гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх шаардлага байдгийг тодотгов. Төслийн ажлын хүрээнд шинээр байгуулагдах үйлдвэрүүдэд 150-162 га газар шаардлагатай. Газар эзэмших эрх олгох ажлыг аймаг, орон нутгийн удирдлагад тавьж ирсэн боловч шийдвэрлэлгүй удаах, бодлогын түвшинд дэмжихгүй байх зэрэг хүндрэл учруулсаар байгааг ажлын хэсэгт танилцуулсан. УУХҮ-ийн сайд Г.Ёндон тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, Засгийн газрын түвшинд танилцуулж ажиллана гэдгээ тодотгоод, “Монгол Улсын Засгийн газраас 150 мянган өрх айлыг орон сууцтай болоход дэмжлэг үзүүлэх ажлыг хөтөлбөртөө тусгасан. Үүнтэй холбоотойгоор арматурыг дотооддоо үйлдвэрлэж, чанартай бүтээгдэхүүнийг барилгын компаниудад нийлүүлэх шаардлагатай. Тиймээс удаашралтай байгаа энэ цогцолбор төслийг урагшлуулахад Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан. Төсөл хэрэгжихэд тулгамдсан асуудал юу байна гэдгийг шийдвэрлэхийн тулд үйлдвэр дээр ирж ажиллалаа. Бүтээгдэхүүний өртөг, дэд бүтэц гээд анхаарах зүйлс олон байна. Мөн эрчим хүч, газар эзэмших эрх олгох зэрэг асуудал дээр Эрчим хүчний яам, болон Дархан-Уул аймгийн удирдлагуудтай ярилцаж, шийдвэрлэх арга хэмжээ авна” гэв. 

 

 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 443
Өчигдөр 6050
Нийт 5617499