Г.Ёндон: Эдийн засгийг сэргээх зорилгын хүрээнд 25 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа


УИХ-ын хоёр Байнгын хорооны хамтарсан хуралдаанд оролцож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон гишүүдийн асуултад хариулж дараах мэдээллийг өглөө. Тэрбээр "Энэ оны нэгдүгээр сард Гашуунсухайт боомтоор өдөрт 500-600 машин нүүрс гардаг байсан. Коронавируст халдвар гарснаар экспорт буурсаар гуравдугаар сар гэхэд өдөртөө 300 гаруй автомашин гарах болсон. Засгийн газар цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний хүрээнд БНХАУ-тай “Ногоон гарц” түр журмыг хамтран хэрэгжүүлж эхэлсний үр дүнд өнөөдөр зөвхөн Гашуунсухайт боомтоор гэхэд 1,200 гаруй тээврийн хэрэгсэл гарлаа. Улсын хэмжээнд бол анх удаа 2,000 гаруй машин гарсан. 

Эдийн засгийг сэргээх зорилгын хүрээнд 25 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байгаа бөгөөд жилийн үлдсэн хугацаандаа хуваагаад үзвэл өдөрт дунджаар 2,000 гаруй тээврийн хэрэгсэл хил гарахаар байгаа.

Мөн Тамсаг, Тосон хоёр нефтийн ордоос халдварын эхэн үед хоногт дунджаар 48 машин гарч байсан бол одоо хоногт 72 машин хил гарч байна. Энэ нь халдварын өмнөх үетэй харьцуулахад 90 орчим хувьд нь хүрнэ. Олборлолт коронавируст халдварын өмнөх үеийн хэмжээнд хүрэхгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Тодруулбал, цооногуудын ундаргын динамик буурсан, цооногийн засвар үйлчилгээ /шингэн хагалбарын ажил, ус шахах/ сүүлийн нэг жилд хийгдээгүй.

Манай яам Монголбанктай хамтраад алт олборлогч компаниудын санхүүг дэмжих зорилготой хөтөлбөр гаргасан. Энэ хүрээнд тодорхой шалгуур үзүүлэлтүүдийг хангасан 72 компанид хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар Монголбанканд хандсан байгаа" гэв.

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 74
Өчигдөр 6050
Нийт 5617130