Д.Сумъяабазар: Хэт их улстөржилтөөс болоод “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн IPO-г гаргах боломжгүй боллоо


      Засгийн газар өнгөрсөн даваа гарагт ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувь дээр IPO хийх өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон юм. Энэ асуудалтай холбогдуулан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазартай ярилцлаа. Тэрбээр энэ талаар “Нүүрсийг дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү” хэмээв. 

-“Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хувийг олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалж, хөрөнгө босгох шийдвэрээ Засгийн газар хүчингүй болголоо. Үүнд коронавирусийн нөлөөллөөс үүдэлтэй бий болсон үнийн уналт нөлөөлсөн байх. Хоёрдугаарт дотоодын улс төр нөлөөлөв үү гэж харж байна. Энэ талаар та юу хэлэх вэ? ­

-Өөртэй чинь санал нэг байна. Коронавирус ч нөлөөллөө, дотоодын улс төр ч орлоо. Засгийн газар ээлжит бусаар хуралдан “Эрдэнэс Тавантолгой” компанийн охин компанийг байгуулсан Засгийн газрын тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ер нь “Эрдэнэс тавантолгой майнинг” компанийг байгуулснаар дотоодын зөрчил, үл ойлголцол, тавантолгойн борлуулалт дээр ажиллаж байгаа гадаад, дотоодын арав орчим компанийн эрх ашиг шууд хөндөгджээ гэж харж байгаа. Үүний ард улстөрчид байгаа нь тодорхой боллоо. 2008 оноос “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлс­нээсээ хойш улстөржилтөө даалгүйгээр өнөөдрийг хүргэсэн. Хөгжлийн зөв шатандаа гарч чадаагүй. Энэ орд Монголын эдийн засагт үзүүлж буй нөлөө, төсөвт эзлэх байр суурь зэргээр эдийн засгийн өсөлтийн гол цэг нь болсоор ирсэн. Тиймээс маш их улстөржилт орж, иргэний нийгмийн байгууллагуудыг хөрөнгө мөнгөөр хөлслөн турхирч, үйлдвэрчний эвлэл зохион байгуулалттай улс төр хийж асуудлыг хүндрүүлж байна. Би төрийн шийдвэр хэрэгжих, залгамж чанараа хадгалах ёстой гэсэн байр суурьтай байдаг. Коронавирусийн халдвараас үүдэлтэй түүхий эдийн үнэ хөрөнгийн бирж дээр буурсан, эрэлт буурсан гэсэн хүндрэлүүд бий. Вакцин гарсны дараа дэлхийн эдийн засаг сэргэх байх. Үүний дараа Тавантолгойн IPO гарах ажил үргэлжлээд явна гэж бодож байна. IPO хийх нь төрийн өмчит компанийн хувьд хамгийн чухал. Шилэн болж, хариуцлагатай, засаглал сайтай, үнэлгээ сайтай компани болох ёстой юм. Ингэснээр хамгийн багадаа 10 мянган ажлын байр бий болох тооцоог гаргасан. Цаашид ч өснө. “Эрдэнэс Тавантолгой Майнинг” компанийн 30 хүртэл хувийг 5-­6 тэрбум ам.доллараар үнэлэх тооцоог тухайн үед гаргаж байсан. Тавантолгой хайгуул, нөөц, чанарын хувьд хийх ажил маш их. 

-ЭТТ компанийн сүүлийн 2-3 жилийн ашигт ажиллагаа IPO гаргахад нөлөөлөөд байх шиг байна. Нэгэнт ашигтай бол заавал хөрөнгийн бирж дээр арилжаалах хэрэг байна уу гэх хандлага ч байна. Хэрэв муугаар бодож IPO зогсвол энэ их санхүүжилтийг компани дангаараа эсвэл Засгийн газар даах боломж бий юу? 

-ЭТТ компани байгуулагдсан цагаасаа жил бүр ашигтай байгаагүй. Алдагдалтай хүнд үе байсан. 2018, 2019 онд компани сайн ажилласан. ЗГ-­ын бүрэлдэхүүн ч зохион бай­гуулалттай хариуцлагатай хандсан. Надад ажил хийх боломж бололцоог бүрэн хангаж өгсөн. Энэ нь хариуцаж буй салбарын сайдад хурдтай ажиллах боломж нөхцөлийг бүр­дүүлсэн. ЭТТ компани ашигтай ажилласан хугацааныхаа орлогоор Зүүнбаянгийн төмөр замыг санхүүжүүлсэн. Мөн Гашуун­ Сухайт болон угтуулан тавих төмөр зам, үйлдвэрийн тоног төхөөрөмж, уурхайн хүчин чадлыг нэмэх, ажилчид авах гээд олон ажлыг хийх боломжтой болсон. Төлөвлөгөөний биелэлт гэхдээ энэ оноос амаргүй нөхцөл байдалд орох нь. Эхний улирлын байдлаар ЭТТ-н нүүрсний борлуулалтын орлого -50 хувьтай явж байна. Энэ байдлаараа яваад байвал уул уурхайн салбарын борлуулалтын орлого оны эцэст 50 хувиар тасарна. Тиймээс өмнө нь ярьж байсан хүмүүс үгээ бодох хэрэгтэй. 

-IPO хийх бэлтгэл ажлын хүрээнд ямар ажлууд хийж амжаад байв. Хоёрдугаарт IPO-г хойшлуулснаар бид ямар боломжоо алдаж байна вэ? ­

-Хэт их улстөржилт орлоо. Их хурлын 7-­8 тогтоол, ҮАБЗ-­ийн зөвлөмжүүд Засгийн газрын бараг есөн тогтоол гарсан байдаг. Гэвч ажил урагшаа явдаггүй. Яагаад гэвэл дамжуулан борлуулж байгаа компаниудын далд ашгийг тогтвортой байлгах гэсэн сонирхол бүхий хүмүүсийн эрх ашиг нөлөөллөө. Түүнээс биш 3.2 сая иргэнээ бодсон бодлого энд байхгүй шүү. Өнөөдөр ЭТТ дээр дотоодын зөрчил, улстөржилт л нөлөөлсөөр чөтгөрийн тойрог руугаа орсон. Нэг ёсондоо хорлон сүйтгэх ажиллагаа хийж байна гэж салбарын сайдын хувьд харж, мэдэрч байгаа. Тиймээс олон улсын хөрөнгийн бирж дээр гаргаж, нээлттэй, ил тод компани болгох гэж зүтгэсэн. ЭТТ дээр үүсч буй нөхцөл байдлаас эвгүй зүйлүүд сонсож байна. Авлига төсөв дээр л байдаг. Харин тэр нь яаж илэрдэг вэ гэхээр хурд саардаг. Энэ хоёрыг ажиглахад л маш ойлгомжтой болно. Тиймээс компанийг ил тод, шилэн, үнэлгээ өндөртэй болгож байж хараа хяналт, засаглалаа сайжруулах боломж бий болох юм. Нөгөө талаар дотооддоо “Хятадууд авах гэж байна” гэсэн яриаг гаргадаг. Яг үнэндээ тэгж ярьж байгаа хүмүүс өөрсдөө хятадуудтай очоод нийлчихсэн байгаа. Хятадуудтай нийлс­нийг буруутгаад байгаа юмгүй. Хятад байна уу, орос, англи хэн­тэй хамтарч болно гагцхүү түүнийгээ ил тод болгоод яв. 

-ЭТТ-н IPO олон улсад маш том хүлээлт бий болгож байсан. Харин Засгийн газрын сая гаргасан шийдвэр Монголын нэр хүндэд яаж нөлөөлөх бол? 

-Би дэлхийн том банк болох Bank of America Merrill Lynch толгой болоод БНХАУ, Япон зэрэг улсын дөрвөн банкийг нэлээн олон удаагийн уулзалтаар оруулж ирж чадсан. Тэд “Яг үнэндээ Монгол бүтэхгүй ээ. Буцдаг, дотоодын улс төр хэцүү засаглалын хямрал үргэлжилдэг. Бид дэлхийн том банк учраас нэр хүндээ бодож байна” гэсэн зүйлийг хэлж байсан. Эдгээр банк араасаа хөрөнгө оруулалтын сангууд, хувь хөрөнгө оруулагчдыг чирж оруулж ирдэг. Тэгэхээр бид хэцүү л нөхцөл байдал руу очих гэж байна. Ялангуяа монголчуудад хамгийн том цонх үе Тавантолгойн IPO байсан. Үүнийг зөв тайлбарлаж, ажлаа томсгосон байдлаар үргэлжлүүлэх хэрэгтэй байна. 

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 3504
Өчигдөр 5650
Нийт 4949951