Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журам


Төсөл

 

 

МОНГОЛ УЛСЫН

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

 

2017 оны ... сарын ...-ны өдөр                  Дугаар ...                                Улаанбаатар хот

 

 

Журам батлах тухай

 

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.14, 9.1.15, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.10.22-т тус тус заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

            1. “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон үйл ажиллагааны журам”-ыг 1, “Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд тавих шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

            2. Энэхүү журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт нарт даалгасугай.

 

 

 

 

 

 

 

 

Гарын үсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төсөл

Засгийн газрын 2017 оны ... дугаар

тогтоолын 1 дүгээр хавсралт

  

 ҮҮСМЭЛ ОРД АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХТОЙ

ХОЛБОГДСОН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

   1.1. Олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолго бүхий үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

            1.2. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

1.2.1. “үүсмэл орд” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан ордыг;

 

1.2.2. “үүсмэл орд ашиглах” гэж мөн хуулийн 4.1.28-д заасан үйл ажиллагааг;

 

            1.2.3. ”үүсмэл орд ашиглахтусгай зөвшөөрөл” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.28-д заасан үйл ажиллагааг эрхлэхээр эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;

 

            1.2.4. “гуравдагч этгээд” гэж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй үүсмэл орд ашиглах зорилгоор гэрээ байгуулсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, Татварын ерөнхий хуулийн 12.1-д заасан татвар төлөгч хуулийн этгээдийг.

 

            1.3. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон энэхүү журмаар зохицуулаагүй харилцааг Ашигт малтмалын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

 

Хоёр. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв

болон төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

 

2.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүрэг:

 

2.1.1. Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.8-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах нутаг дэвсгэрт үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд хяналт тавих;

 

2.1.2. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн ордын талбайн тодорхой хэсгийг үүсмэл ордын зориулалтаар өөрөө болон гуравдагч этгээдээр ашиглуулах тохиолдолд үүсмэл ордын нөөц болон үүсмэл орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд үнэлэлт, дүгнэлт өгөх шинжээчийн бүрэлдэхүүнийг томилох;

 

2.1.3. стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох асуудлаар санал дүгнэлт гаргах.

 

2.2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг:

 

2.2.1. үүсмэл орд ашиглахтусгай зөвшөөрөл олгох, сунгах, цуцлах, дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэх;

 

2.2.2. үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх;

 

2.2.3. үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэлийг хөтлөх.

           

 

Гурав. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл

                     олгоход тавигдах шаардлага

 

3.1. Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч, эсхүл тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулсан гуравдагч этгээд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж болно.

 

3.2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч гуравдагч этгээдэд үүсмэл орд ашиглуулах тохиолдолд уг гуравдагч этгээдтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулж, энэ гэрээний талаар геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 14 хоногийн дотор мэдэгдэнэ.

 

3.3. Үүсмэл орд ашиглах тухай гэрээнд дараах асуудлыг тусгасан байна:

 

            3.3.1. орд ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтэц;

 

            3.3.2. газар, ус ашиглах болон тусгай зөвшөөрлийн төлбөр, хууль тогтоомжид заасан бусад төлбөр, хураамж;

 

            3.3.3. эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй ажиллагаа;

           

            3.3.4. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, ордын хаалт.

 

3.4. Үүсмэл орд дахь ашигт малтмалын нөөц, агуулгын хэмжээг эрх бүхий байгууллагаар тодорхойлуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

 

3.5. Үүсмэл орд ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох шийдвэр гаргуулсан байна.

 

3.6. Энэ журмын 3.1-д заасан өргөдөлд үүсмэл ордын талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.

 

3.7. Үүсмэл ордын талбай нь орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлээр тодорхойлогдсон байх бөгөөд тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглосон, хязгаарласан талбайтай давхцалгүй байна.

 

Дөрөв. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл

            хүссэн өргөдөл гаргах журам

 

4.1. Энэ журмын 3.1-д заасан үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:

 

4.1.1. хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт;

 

4.1.2. үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулсан гуравдагч этгээдэд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахыг зөвшөөрсөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны зөвшөөрөл;

 

4.1.3. энэ журмын 3.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт;

 

4.1.4. энэ журмын 3.6-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар;

 

4.1.5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;

 

4.1.6. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

 

4.1.7. үүсмэл ордын нөөц, агуулгын хэмжээ, орд ашиглах болон боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн дүгнэлт, шийдвэр.

 

4.1.8. Энэ журмын 2.1.3-т заасан санал, дүгнэлт.

 

Тав. Өргөдлийг бүртгэх, хянах, шийдвэрлэх ажиллагаа

 

5.1. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ журмын 3.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц дор дурдсан ажиллагаа явуулна:

 

5.1.1. өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрт бүртгэлийн огноо, хугацаа, дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;

 

5.1.2. үүсмэл ордын талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн хилийн дотор багтаж байгаа эсэхэд шүүлт хийх;

 

5.1.3. өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж тодруулах.

 

5.2. Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 5.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш 30 хоногт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:

 

5.2.1. өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй болон журмын 4 дүгээр зүйлд заасан баримт бичгийн бүрдэл дутуу бол хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх;

 

5.2.2. хүсэлтэд дурдсан талбай нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн гадна талд, эсхүл хил дамнасан бол үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх;

 

5.2.3. өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ журмын шаардлагыг хангасан бол хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэсэн тухай хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэнэ.

 

5.3. Өргөдөл гаргасан этгээдэд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг 3 /гурав/ жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.

 

5.4. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигч этгээдийн нэр, хаяг болон үүсмэл ордын талбайн булангийн цэгийн солбицлыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралттай байна.

 

5.5. Төрийн захиргааны байгууллага татгалзсан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө.

 

                        Зургаа. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл сунгах

 

6.1. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ журмын 4.1-д заасан журмын дагуу өргөдөл гаргана.

 

6.2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тусгай зөвшөөрөл сунгуулах тухай өргөдлийг энэ журмын 5 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, хянан шийдвэрлэнэ.

 

Долоо. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл

              дуусгавар болох үндэслэл

 

7.1. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгавар болно:

7.1.1. ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;

 

7.1.2. ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 54, 55 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг буцаан өгсөн нь үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийн талбайг хамарч байгаа бол;

 

7.1.3. геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан;

 

7.1.4. үүсмэл ордыг ашиглахтай холбоотойгоор бусад этгээдтэй байгуулсан гэрээний хүчинтэй хугацаа дуусаагүй байх нь үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлахгүй байх үндэслэл болохгүй.

 

Найм. Хүлээлгэх хариуцлага

 

   8.1. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.2.Үүсмэл орд ашиглах тухай гэрээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан зарим үүргээ гуравдагч этгээд буюу үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлсэн нь түүнийг Ашигт малтмалын тухай хууль болон бусад хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

 

- оОо -

 

Төсөл

Засгийн газрын 2017 оны ... дугаар тогтоолын 2 дугаар хавсралт

 

   ҮҮСМЭЛ ОРД АШИГЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ШААРДЛАГА,

ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

 

   1.1. Үүсмэл ордоос ашигт малтмал ялган авах, боловсруулах, баяжуулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд тавих шаардлага болон түүнтэй холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

            1.2. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

 

1.2.1. “үүсмэл орд” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.27-д заасан ордыг;

 

1.2.2. “үүсмэл орд ашиглах” гэж мөн хуулийн 4.1.28-д заасан үйл ажиллагааг;

 

            1.2.3. ”үүсмэл орд ашиглахтусгай зөвшөөрөл” гэж Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.28-д заасан үйл ажиллагааг эрхлэхээр эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичгийг;

 

            1.2.4. “гуравдагч этгээд” гэж ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй үүсмэл орд ашиглах зорилгоор гэрээ байгуулсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн, Татварын ерөнхий хуулийн 12.1-д заасан татвар төлөгч хуулийн этгээдийг.

 

            1.5. Үүсмэл орд ашиглахтай холбоотой энэхүү журмаар зохицуулаагүй харилцааг Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

 

Хоёр. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон

 төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг

 

2.1. Ашигт малтмалын тухай хуулийн 10.1.8-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарах нутаг дэвсгэрт үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

 

2.2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг:

2.2.1. үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих;

2.2.2.үүсмэл ордод ашиглагдаж байгаа техник, технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник, технологийн бодлогыг хэрэгжүүлэх;

2.2.3. үүсмэл ордын мэдээллийн сан бүрдүүлж, түүнийг баяжуулах.

            2.2.4. үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчээс дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, уулын ажлын төлөвлөгөө болон тухайн жилийн уулын ажлын тайланг баталсан маягтын дагуу хүлээн авах;

 

            2.2.5.Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн сар бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн мэдээллийг нэгтгэж, улирал бүр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  хүргүүлэх.

 

            2.3. Үүсмэл орд ашиглах үйл ажиллагаанд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон геологи, уул уурхайн  асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллага хяналт тавьж ажиллана.

 

Гурав. Үүсмэл орд ашиглахүйл ажиллагаанд

         тавих шаардлага

 

            3.1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа уусгалтын технологи хэрэглэхээр бол тусгайлан талбай бэлтгэсэн байна.

 

            3.2. Тусгайлан бэлтгэсэн талбай нь химийн хортой болон аюултай бодис, бэлдмэл хөрсөнд үл нэвчихээс хамгаалсан тусгаарлагчтай байна.

 

            3.3. Хаягдлын далан, тусгайлан бэлтгэсэн талбайгаас газар доорхи усны бохирдолт үүсгэж байгаа эсэхэд хяналт тавих хяналтын цооног байгуулсан байна.

 

            3.4. Үүсмэл орд ашиглаж байгаа баяжуулах үйлдвэр, хаягдлын далан, шугам хоолойгоос хаягдалбодис хаягдах, алдагдахаас сэргийлж ажиллана.

 

Дөрөв. Үүсмэл орд ашиглахтусгай зөвшөөрөл

         эзэмшигчийн эрх, үүрэг

 

4.1. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлж ажиллана.

 

4.2. Үүсмэл ордын талбайд оршиж байгаа ашигт малтмалыг Ашигт малтмалын тухай хууль, энэ журамд заасан шаардлага, нөхцлийн дагуу ашиглана.

 

4.3. Үүсмэл ордын нөөц, орд ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд шаардлагатай тохиолдолд тодотгол хийж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, холбогдох дүгнэлт, шийдвэр гаргуулна.

 

4.4. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал экспортлох эрх бүхий хуулийн этгээд нь ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулна.

 

4.5. Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд тусгай зөвшөөрлийн талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоог олгоно.

 

4.6. Үүсмэл орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлд тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг барьж байгуулах болон уурхайн нөхөн сэргээлт, хаалт зэрэгт шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгана[MU1] .

 

4.7. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтантай байна.

 

 

4.8. Үүсмэл орд ашиглах гэрээнд орон нутагтай хамтран ажиллах болон газар, ус, эрчим хүч ашиглах, химийн бодис хадгалах, тээвэрлэх, хаягдлын байгууламж болон уурхайн дотоод, гадаад тээврийн зам барих, арчлах, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлыг тусгасан байна.

 

4.9. Ашигт малтмалын тухай хуулийн 48.13-т заасны дагуу дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт, ажлын төлөвлөгөө, тухайн жилийн ажлын тайланг  геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тогтоосон хугацаанд гаргаж хүргүүлнэ.

 

            4.10. Ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны талаарх хууль тогтоомжийн хүрээнд байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах, нөлөөллийг бууруулах арга хэмжээг авч ажиллана.

           

Тав. Хүлээлгэх хариуцлага

 

5.1. Энэ журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээд, албан тушаалтанд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

--- оОо ---


 [MU1]холбогдох дансанд байршуулна


Та сэтгэгдэл бичихийн тулд өөрийн facebook эрхээрээ нэвтрэн орсон байх шаардлагатай!


МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ













ВИДЕО



ЗУРГИЙН ЦОМОГ





Өнөөдөр 1279
Өчигдөр 1607
Нийт 611404